Сарны гадаргуугийн эсрэг талын зургуудыг “Луна-25”-аас хүлээн авчээ

Админ
2023/08/18

МОСКВА. /РИА Новости/. Гараг хоорондын “Луна-25” автомат станц телевизийн СТС-Л иж бүрдэл камерын тусламжтайгаар Сарны гадаргуугийн эсрэг талын гэрэл зургуудыг авсан тухай “Роскосмос” корпорац мэдээллээ.

Өчигдөр Москвагийн цагаар 08:23 цагт Сарны өмнөд туйлд орших Зееман тогооны зургийг авсан бөгөөд уг тогооны төв нь өмнөд өргөрөгийн 75 градус, баруун уртрагийн 135 градуст оршдог байна. Зееман тогоо бол Сарны гадаргуу дахь хосгүй бүтэц бөгөөд судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг. Учир нь, тогооны амсар ирмэгийн өндөр нь 8 км бөгөөд ёроол нь харьцангуй жигд гадаргуутай ажээ. 

Гэрэл зургуудаас гадна Сарны гадаргуугаас ялгарч буй гамма цацраг ба нейтронуудын урсгалуудыг хэмжсэн өгөгдлүүд, Сарны орчмын сансрын плазмын болон түүний тойрог зам дахь хий-тоосонцрын орчны талаарх өгөгдлүүдийг “Луна-25” станцаас хүлээн авчээ.   

С.А.Лавочкины нэрэмжит Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэлд зохион бүтээсэн уг станц Сарны өмнөд туйлд зөөлөн газардсан анхны аппарат болох бөгөөд ирэх даваа гарагт буулгахаар төлөвлөжээ. “Луна-25”-ыг энэ сарын 11-ний өдөр "Союз 2.1б" пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн, нислэгийн гол зорилго нь Сарны хөрсөнд мөс байгаа эсэхийг судлах явдал юм.

Эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна