Ким Жөн Ун Засгийн газрын тэргүүнийг хатуу шүүмжлэв

Б.Ариунзаяа
2023/08/22

ТОКИО. /ТАСС/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Ерөнхий сайд Ким Док Хун болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтныг хатуу шүүмжилжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.

Далан нурсны улмаас усанд автсан Ончон хошуунд явагдаж буй сэргээн босголтын ажлын явцтай танилцсан Ким Жөн Ун үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан удирдах ажилтнуудыг хатуу шүүмжилсэн байна. Учир нь, далангийн ус зайлуулах байгууламжийг зохих дүрэм журмын дагуу бариагүй байжээ.  

Байгалийн гамшгаас бус харин ажилгүй залхуу, хариуцлагагүй байдлын улмаас орон нутгийн тариалангийн талбайнуудад ихээхэн хохирол учирсныг тэрбээр хатуу буруушаав. “Энэ бүхэн бол Ерөнхий сайд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, буруу арга барилаар ажилласантай холбоотой” гэж БНАСАУ-ын удирдагч хэлснийг KCNA агентлаг уламжиллаа.  

Тэрбээр “намын болон хуулийн хүрээнд буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг” прокурорын газар болон бусад хуулийн байгууллагуудад тушаажээ.  

Сүүлийн нэг сарын хугацаанд Ази-Номхон далайн бүс нутагт хэд хэдэн удаа хүчтэй хар салхи дэгдсэний улмаас Хятад, Умард Солонгос, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудад үер болж, хөрсний нуралт үүссэн юм.  

Эх сурвалж: https://montsame.mn/mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна