ДЭМБ согтууруулах ундаа, чихэрлэг ундаанд өндөр татвар ногдуулахыг уриалжээ

Админ
2023/12/07

ЖЕНЕВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /DW/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхийн улс орнуудын засгийн газруудад хандан согтууруулах ундаа, чихэрлэг ундаанд ногдуулж буй татварыг нэмэгдүүлэхийг уриаллаа. 

Татварын хувь хэмжээг судалсны дараа ДЭМБ-аас мягмар гарагт мэдээлснээр, “эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүдэд” ногдуулж буй дэлхийн татварын дундаж хэмжээг хэт бага гэж дүгнэсэн бөгөөд дарс зэрэг бүтээгдэхүүнийг Европын зарим оронд татвараас бүрэн чөлөөлдөг байна.

ДЭМБ-ын мэдээллээр, жилд 2.6 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас, 8 сая хүн эрүүл бус хооллолтын улмаас нас бардаг байна. Тиймээс татварын хэмжээг нэмэгдүүлэх нь тэдгээр бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж, компаниудад эрүүл мэндэд илүү тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болно гэж тус байгууллага үзжээ.

“Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнд татвар ногдуулах нь илүү эрүүл саруул хүн амыг бий болгодог. Энэ нь нийгэм даяар эерэг нөлөө үзүүлж, өвчлөл, засгийн газруудын төрийн үйлчилгээ үзүүлэх зардлыг бууруулдаг” гэж ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих асуудал эрхэлсэн захирал Рюдигер Крех хэлжээ. Түүнчлэн согтууруулах ундаанд ногдуулдаг татвар нь хүчирхийлэл, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд тус дөхөм болно гэв.

ДЭМБ-аас мэдээлснээр, 194 гишүүн орны 108 нь чихэрлэг ундаанд тодорхой хэмжээний татвар ногдуулдаг боловч тэдгээр нь хийжүүлсэн ундааны үнийн дунджаар 6.6 хувьтай тэнцдэг байна. Харин эдгээр улсуудын тал хувь нь уснаас татвар авдаг ажээ. 

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна