Филиппиний хөлөг онгоцууд руу ус шүршсэнийг "түрэмгийлэл" гэв

Админ
2023/12/12

МАНИЛА, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /AP/. Өмнөд Хятадын тэнгист Хятадын тал Филиппиний усан онгоц, хөлөг онгоцнуудын эсрэг ус шүршигч хэрэглэсэн явдлыг Филиппиний Зэвсэгт хүчний штабын дарга, генерал Ромео Бронер “түрэмгийлэл” гэж мэдэгджээ. 

"Энэ бол цэвэр түрэмгийлэл. Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцнууд манай хөлөг онгоцнуудын замыг хэрхэн удаа дараа хааж байсныг би харсан. Тэд бидэн рүү ус шүршигчээр ус цацаж, дараа нь бидэн рүү дайрсан. Энэ бол жигшүүртэй бүдүүлэг явдал" гэж штабын дарга Associated Press агентлагт  ярилцлага өгөхдөө хэлжээ. Тэрбээр саяхан болсон уг үйл явдлын үеэр усан онгоцуудын нэгэн дээр байсан аж. 

Бронерын хэлснээр, үүсээд буй нөхцөл байдал нь "өндөр түвшний дипломат шийдэл"-ийг шаардаж байна. Филиппиний арми "хуулийн дагуу хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх болно" гэж генерал онцлон тэмдэглээд "бидний гүйцэтгэх даалгавар бол хилийн дагуух цэргүүдэд хангамж хүргэх, мөн загасчдыг хамгаалах явдал юм" гэв.

12 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын Эргийн хамгаалалтын албаны цэргүүд Филиппиний эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд болон Филиппиний загас агнуур, усны нөөцийн товчооны хөлөг онгоцнуудын эсрэг  ус шүршигч хэрэглэсэн байна. Уг хэрэг явдалтай холбогдуулан тус улс Хятадын талд дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ явдал “Sierra Madre” хөлөг онгоцны бие бүрэлдэхүүн солигдох, хангамж хүргэх үеэр болж, улмаар Филиппиний нэг хөлөг онгоцны хөдөлгүүр ноцтой гэмтсэн байна. 

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсүүдэд хоёр талын хооронд үе үе зөрчил гардаг. Тухайлбал, наймдугаар сард Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц Филиппиний хөлөг онгоцнуудын хажуугаар аюултай маневр хийж байх үедээ ус шүршигч хэрэглэсэн байна. Өнгөрсөн есдүгээр сард Хятадын хөлөг онгоцууд 300 м урт хөвөгч саад тавьж, Филиппиний загасчид загас агнуурын бүс рүү нэвтрэхэд хүндрэл учруулж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна