Ангарагийн баазын загварын туршилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ

Админ
2024/02/22

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 21 /VOA/. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг ирээдүйд Ангараг гараг дээр байгуулах баазын загварын туршилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ. 

“Crew Health and Performance Exploration Analog” (CHAPEA) хэмээх нэртэй уг төсөл 2025 оны хавар эхэлж, нэг жил үргэлжлэх төлөвтэй байна.

Дээрх төсөлд оролцох дөрвөн хүн 3D принтерээр “хэвлэсэн” 160 хав. дөр. м талбай бүхий Ангарагийн баазын загвар дотор амьдарч ажиллах юм. “Mars Dune Alpha” гэдэг нэртэй энэ бааз нь нөөц хязгаарлагдмал, тоног төхөөрөмж эвдрэх, харилцаа холбоо саатах гэх зэрэг ирээдүйн сансрын нисгэгчдэд учирч болзошгүй эрсдэлүүдийг тооцсоны үндсэн дээр Улаан нүдэн гараг дээрх амьдрах нөхцөлийг дуурайлгасан байх ажээ.

Туршилтад оролцох багийнхан баазаас гарах гарцыг загварчлах, роботжсон төхөөрөмжүүдийг удирдах, биеийн хөдөлгөөний дасгал хийх,  үр тариа ургуулах зэрэг даалгавруудыг гүйцэтгэнэ. Энэ бааз нь Техас муж улсын Хьюстон хот дахь Линдон Жонсоны нэрэмжит Сансрын төвд байрлах юм.

Туршилтад оролцох хүмүүсийг бүртгэхдээ 30-35 насны, англи хэлний мэдлэгтэй, эрүүл, төсөлд оролцох чин хүсэл эрмэлзэлтэй байх гэсэн шалгууруудыг тавих ажээ.  Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дуусах бөгөөд хүсэлтээ Америкийн сансар судлалын байгууллагын цахим хуудсанд гаргаж болно.

Энэхүү төсөл нь баазын системийн үйл ажиллагааг шалгах, мөн Улаан нүдэн гараг руу нислэг хийх шийдвэр гаргахад шинжлэх ухааны чухал мэдээллээр хангах зорилготой гэж НАСА мэдэгдэв.

CHAPEA цуврал төслийн хүрээнд явуулж буй хоёр дахь туршилт нь энэ юм. Эхний туршилтад оролцогчид 2023 оны зургаадугаар сард Ангараг гараг дээр байгуулах баазын загвар дотор ажилласан бөгөөд нэг жил зургаан сар гаруйн хугацаанд үргэлжилжээ. CHAPEA -ийн гурав дахь туршилтыг 2026 онд эхлүүлэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна