"ТикТок"-г хориглох нөхцөлийг тусгасан хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ

Админ
2024/03/14

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 14 /BBC/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ТикТок олон нийтийн сүлжээг тус улсад хориглох нөхцөлийг тусгасан хуулийн төслийг баталлаа. Тодруулбал, ТикТок-ийг эзэмшигч Хятадын БайтДенс компанид хувьцааныхаа хяналтын багцыг зарахад зургаан сарын хугацаа өгөх ба эс бөгөөс уг нийгмийн сүлжээг АНУ-д хэрэглэхийг хориглох юм. 

Хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар баталсан хэдий ч хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн тулд Сенатаар батлуулж, Ерөнхийлөгч гарын үсэг зурах шаардлагатай. АНУ-ын хууль тогтоогчид ТикТок-ийн цаанах Хятадын нөлөөний талаар санаа зовнисоор иржээ.

ТикТок-ийг 2012 онд байгуулагдсан Хятадын БайтДенс компани эзэмшдэг. Бээжинд төвтэй тус компани нь Кайманы арлуудад бүртгэлтэй бөгөөд Европ, АНУ даяар оффистой. Хэрэв Сенат уг хуулийн төслийг баталбал Ерөнхийлөгч Жо Байден өөрийнх нь ширээн дээр ирсэн даруйд гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн бөгөөд улмаар Хятадтай дипломат маргаан үүсгэж болзошгүй байгаа юм.

БайтДенс компанийн хувьд хяналтын багцыг худалдах ажлыг дуусгахын тулд Хятадын албаны хүмүүсээс зөвшөөрөл авах шаардлагатай. Харин Бээжин эсэргүүцнэ гэдгээ мэдэгдсэн байна. Хятадын компаниуд үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хүсэлтийн дагуу мэдээллээ танилцуулдаг.ТикТок нь АНУ дахь 150 сая хэрэглэгчийнхээ мэдээлэлд Хятад дахь БайтДенс компанийн ажилтнуудыг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан гэдгээ холбогдох албаныханд батлахыг оролдсоор ирсэн юм.

ТикТок-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чугийн хувьд компани нь мэдээллээ аюулгүй байлгах, платформыг “гадны манипуляциас ангид байлгах” үүрэгтэй гэж мэдэгдэж байв. Тэрбээр хэлэхдээ, хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал АНУ-д уг аппликейшнийг хориглож, “олон нийтийн сүлжээ эзэмшигч бусад цөөн хэдэн компанид илүү их эрх мэдэл” өгч, Америкийн олон мянган ажлын байр эрсдэлд орно гэжээ. 

Гэсэн хэдий ч нэгдүгээр сард Уолл Стрит Жорнал сэтгүүлээс явуулсан судалгаагаар уг сүлжээний өгөгдлийг АНУ дахь ТикТок болон Хятад дахь БайтДенс-ийн хооронд албан бусаар хуваалцаж байгаа тул систем нь “аюулгүй бус” хэвээр байна гэж дүгнэсэн байна. 

Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/rea...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна