Ж.ЦОЛМОН: Насанд хүрээгүй охиныг хамгаалж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэтэл нь шударга ёсыг нэхэх ёстой

Админ
2024/04/05

Цагдаа нар 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийн цочироогоод байгаа билээ. Тус хэргийн  талаар ШИНЭ намын дэд дарга, АШУ-ы доктор, профессор Ж.Цолмон байр сууриа илэрхийлжээ.

Жадамбын ЦОЛМОН: 

- Төрийн цагдаа насанд хүрээгүй охиныг хүчирхийлжээ. Хэрэг олон нийтийн сонорт хүрмэгц охиныг хараа хяналтгүй гадуур тэнэдэг гэсэн мэдээллийг зориуд түгээсэн байна. Энэ нь үнэн байсан ч насанд хүрээгүй хүүхдийг уруу татах, бэлгийн хүчирхийлэлд ашиглах нь гэмт хэрэг. Нэг талдаа хүч дорой гэр бүл, нөгөө талд нь нэр төрөө аварч үлдэх гэсэн 6000 гаруй алба хаагч бүхий Цагдаагийн байгууллагын хооронд хүч тэнцвэргүй тулаан өрнөж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Иймд монголчууд бид сэтгэл холбиролгүйгээр насанд хүрээгүй охиныг хамгаалж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэтэл нь шударга ёсыг нэхэх ёстой.

Оросын нэрт зохиолч В.Маяковский нэгэнтээ “Миний цагдаа намайг хамгаална” гэж хэлсэн байдаг. Монголчууд бид ч гэсэн энэ үгэнд саяханыг хүртэл итгэж ирсэн. Уулын мод урттай, богинотой байдгийн адил цагдаагийн мянга мянган алба хаагчид бүгдээрээ мунаг, мунхаг, хүчирхийлэгч биш гэдэгт би итгэж байна. Алдаа гаргасан хэдийнх нь төлөө нийтээр нь харлуулах зохисгүй. Гэхдээ хууль зөрчсөн, хүний бус адгуусны авир гаргасан албан хаагчдадаа хуулийн дагуу хариуцлага хүлээлгэтэл олон нийт анхааралтай ажиглах болно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна