О.БАТНАЙРАМДАЛ: Тогтолцооны ялзралтай нүүр тулсан үед нам биш зарчим нэгдүгээрт байх ёстой

Админ
2024/04/18

Монгол Улс түүхэндээ холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлэх гэж байна. Тогтолцооны хэмээн нэрлэж буй уг өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд парламентад нэр цэвэр, ёс зүйтэй, чадварлаг дүр төрхийг түлхүү сонгох хариуцлагатай цаг үе ирээд байгаа юм. Энэ удаад сонгогчдынхоо боловсролд хувь нэмэр оруулж, мэдэх эрхийг ханган, УИХ-д сонгож болохуйц нэр цэвэр, мэргэжлийн, ёс зүйтэй, чадварлаг хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна. Тэдний үзэл бодол, туулсан зам, туршлага, мэдлэгийг харгалзаж хэнд төрийн жолоог атгуулахаа шийдэхэд тань тус болохыг зорилоо.

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа. Тэр бол Монголын хамгийн олон сонсогчтой подкастуудын нэг “Unlock”-ийг үүсгэн байгуулагчдын нэг, “Ховдоос Харвард руу” номын зохиогч. 2015 онд Харвардын Бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр дүүргэсэн тэрбээр төгсөнгүүтээ дэлхийн шилдгүүдийн нэг “Банк оф Америка”-гийн Нью-Йорк болон Сидней дэх салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байв. Харвардыг зорихоос өмнө О.Батнайрамдал АНУ-ын Макалестерийн коллежийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгсөж, эх орондоо ирээд мэргэжлээрээ таван жил ажилласан юм билээ. 2018 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирлаар томилогдон, улмаар өнөөгийн Ерөнхий сайдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхад нь зөвлөж явсан нэгэн. Улс төрд орно гэж төсөөлж байгаагүй ч банкир болно гэж мөрөөдөж, бас биелүүлж чадсан түүний үзэл бодлыг сонирхоорой.

-Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар (2020-2023) ажилласан хүний хувьд энэ хуулийн ач холбогдлыг хэлэхгүй юу? 

-Товчхондоо, баялгийг шударга хуваарилахын тулд энэ хуулийг батлах ёстой. Байгалийн баялаг бол боломж, бас айдас юм. Үндсэн хуульд үүнийг төрийн нийтийн буюу ард түмний өмч хэмээн заачихсан учраас өнөөгийн бид төдийгүй ирээдүйн иргэд ч баялгийнхаа өгөөжийг хүртэх учиртай. Гэвч шударгаар хуваарилж чадаагүй, баялгийн хараал хүрсэн гэгддэг улс орон бишгүй. Ийм замаар явуулахгүй байх хөтөч нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль юм. Үнэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг эс тооцвол сүүлийн 15 жилд л баялгийн үр өгөөж, ач холбогдлыг ойлгож байна шүү дээ. Эндээс асар их боломж үүсэж болохыг Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах үйл явц харуулж байна. Үүнтэй зэрэгцэн ямар их хулгай нүүрлэсэн нь ч ил болж, баялгийн хараал туссан улсын шинж тэмдэг шууд анзаарагдаж байна шүү дээ. Тиймээс үүнийг одоо засахгүй бол оройтно. Бусад орны баялгийн санг хуулбарлах гэсэндээ энэ төслийг боловсруулаагүй. Монгол Улсын байгалийн баялагтай холбоотой цогц зохицуулалтыг үүгээр бий болгоно. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн тусгасан нь ч үүнд чиглэсэн эхний алхам юм. Манай улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой ч нийцэж буй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байхдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг бичилцэхэд илүүтэй төвлөрсөн гэж хэлж болно. “Алсын хараа-2050”- ийн төслийн эхний нооргийг гаргахаас эхлээд батлах хүртэлх бүхий л шатанд оролцсоны хувьд хэлэхэд энэ хуулийн ач холбогдол тун их.

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулсан Засгийн газарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон үеэс энэ төслийг боловсруулах дэд ажлын хэсгийг ахлан ажилласан. Ингэхдээ бүхий л үндэслэл, тооцооллыг нь гаргаж, ноороглосон гэж хэлж болно. Баялгийн сан нь хэлбэрийн хувьд хадгаламжийн, эдийн засгийг тогтворжуулах, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, хүний хөгжлийн гэх мэт олон янз. Сая өргөн барьсан төсөлд хадгаламжийн Ирээдүйн өв, дотоод руу чиглэсэн хөрөнгө оруулалтын Хөгжлийн, боловсрол, эрүүл мэнд, орон сууцын санхүүжилт хийдэг Хуримтлалын сан гэсэн гурван хэлбэртэй байхаар тусгасан. Уул уурхайн орлогыг олон нийтэд хуваарилах “цорго” нь эдгээр сан байх юм.

Ялзралыг нь илчлэхгүйгээр ярих нь зүгээр л лоозон төдий зүйл

-Та Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд маш шүүмжлэлтэй хандаж, шүгэл үлээсэн. Баялгийн санг ч үүнтэй холбох ёстой гэж ярьдаг. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Сая дурдсан Хуримтлалын сан нь баялгийг шударга хуваарилах гол механизм л даа. Бэлэн мөнгө тараах бус, хүний хөгжилд чиглэсэн, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээ авах тогтолцоог үүгээр бүрдүүлэх ёстой. Боловсролын зээлийн сан бол энэ салбарын ялзралын тод жишээ. Үүнийг гаргаж ирэхдээ аль нэгэн сайд, Засгийн газар, тэндээс зээл авсан хүмүүс рүү дайрч давшлахыг урьтал болгоогүй. Ялзралыг нь илчлэхгүйгээр боловсролын тэгш байдлын талаар ярих нь зүгээр л уриа лоозон төдий зүйл юм. Боловсролд хөрөнгө оруулахын чухлыг хүн бүр хүлээн зөвшөөрнө. Баялгаас орж ирэх ёстой ч хулгайд алдагдаж буй хөрөнгийн тэр их урсгалыг Хуримтлалын сангаар дамжуулан нээх нь чухал. Үүний жишээ нь Сингапурын хуримтлалын сан (Central providence fund). Уг сангаас иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулахаас гадна анх удаа орон сууц авч байгаа хүнд урьдчилгаа бүрдүүлэхэд нь тусалдаг. Баялгийг шударгаар хуваарилъя гэвэл хүн рүүгээ чиглэсэн, тэр дундаа боловсрол, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийх ёстой. Боловсролын зээлийн сан бол нэг л жишээ. Хамгийн өндөр чадвартай хүүхэд залуус дэлхийн шилдэг боловсрол эзэмших гүүр нь байх учиртай уг санг баялгийн орлогын урсгалтай холбоё гэж яриад байгаа нь ийм учиртай. Уг санг цаашдаа илүү өргөжүүлэх шаардлагатай. Баячуудын хүүхдүүдийг зээлээр сургадаг санг хаах ёстой гэж хандаж болохгүй. Харин ч ач холбогдлыг нь тайлбарлаж, улам ил тод болгон, санхүүжилтийг нь нэмэх хэрэгтэй. Дэлхийн шилдэг сургуульд суралцаад ирсэн хүмүүс эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ гэдэг хөшүүргийг нь ойлгомжтой болгох ёстой.

-Тэгвэл Боловсролын зээлийн сангийн зарцуулалтын булхай, луйврыг ил болгосноос хойш юу өөрчлөгдөв, ямар үр дүн гарав? 

-Энэ сангаас зээл авсан, түүнийгээ төлөөгүй, нуусан, зайлсхийсэн бүх албан тушаалтан ууртай байна. Бас шударгаар зээл авсан зарим нь ч өртөж, хэлмэгдэх шиг боллоо. Гэхдээ үүнийг ил болгохгүйгээр засаж чадахгүй. Намайг энэ сэдвийг сөхөхөд булхай, луйврыг нь мэдэж байсан бусад хүн зоригтойгоор дуугарч эхэлсэн шүү дээ. Энэ сангаас нийт 360 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон ч эргэн төлөлт нь 2-3 хувьтай л байна. Гэхдээ жилд ойролцоогоор 200 мянган ам.долларыг буцаан төлдөг байсан бол энэ явдлыг ил болгосноос хойших 10 сарын хугацаанд 1.7 сая ам.доллар буюу зургаан тэрбум гаруй төгрөгт хүрсэн нь чамлах зүйл биш. Сонгууль дөхсөн энэ үед хэлэхэд Боловсролын зээлийн сангаас өөрөө болон ойр дотнынхон нь зээл аваад тэглүүлчихсэн, эсвэл өнөөдрийг хүртэл төлөөгүй хүмүүс нэр дэвшихээр горилж байгаа бол юуны түрүүнд төлчих. Энэ бол УИХ-ын гишүүн болно гэж бодож чадаж байгаа хүнд байх наад захын ёс зүйн шалгуур юм. Ард түмнээс мандат нэхэж, тэднийг манлайлна гэж байгаа хүмүүс нь авсан зээлээ шударгаар төлөхгүй бол өөр хэнээс үүнийг шаардах юм бэ.

-Таны энэ уриалгад хамаарах хүн МАН-д ч бий байх. 

-Нам хамаарахгүй шүү дээ. Аль нэг намыг хамгаалах, эсвэл харлуулах зорилго огт алга. Тэр, энэ намынх гэхээргүй тогтолцооны ялзралтай нүүр тулсан үед зарчим нэгдүгээрт байх ёстой. Эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан л бол, тэглүүлсэн ч бай хамаагүй, буцаан төл. Зээлээ тэглүүлсэн 450 орчим хүн ч бүгд хууль бус зүйл хийсэн шүү дээ. Та бүхний төлсөн мөнгөөр дараагийн хүүхэд суралцана. Татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлж суралцаад ирсэн бол түүнийгээ төлж, бусдад боломж олгох нь тэдний үүрэг баймаар сан.

-Ер нь таны шүүмжлэлд МАН-ынхан дотроосоо ямар хариу үйлдэл гаргав. Бурууг нь хэлээд явах орон зай танай намд байна уу? 

-Нам бол үнэт зүйл, үзэл баримтлал, зарчимтай улс төрийн институц. Боловсролын зээлийн сангийн булхайтай хутгалдсан хүмүүс манай намд ч байгаа. Намайг шүүмжилсэн нь ч цөөнгүй. Гэхдээ нам зарчим, үзэл баримтлалынхаа хүрээнд зөв зүйл хийх нь чухал. Энэ луйврыг ил гаргасныг МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг хуваалцдаг гишүүд, дэмжигчид буруу гэж хэлэхгүй байх.

-Үнэндээ таныг намтай хутгалдахад урам хугарснаа нуугаад яах вэ?

-Яг ийм агуулгатай мессеж, захидал одоо ч надад ирдэг. МАН гэлтгүй намд дургүй, ойшоодоггүй хүмүүсийн хувьд миний сонголт хайран санагдсан байж магадгүй. Парламентын ардчиллыг үгүйсгэх хүн тийм олон биш болов уу. Энэ бол бидний үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Цаашид ийм замаар явахын тулд хүссэн ч, эс хүссэн ч намаас ангид байх боломжгүй. Намуудын нэр хүнд унасан нь цаг зуурын зүйл, дандаа ийм байхгүй. Хамгийн гол нь бид алдаагаа засах ёстой. Бүх намыг институцийнх нь хувьд бэхжүүлэх шаардлагатай. Ингэж байж парламентын ардчиллын цэвэр өрсөлдөөн бий болно. Гаднаас нь муу, муухай гээд шүүмжлээд байх уу, эсвэл дотроос нь засаж янзлах уу гэдэг уулзвараас би сонголтоо хийсэн. Ийм бодолтой ирсэн учраас муу хэлүүлэх, эсэх нь чухал биш. Дотор нь ороод өөрчлөлтийнх нь нэг хэсэг болъё, хамтдаа өөрчлөх ёстой юм байна гэж бодсон.

Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг

-Тантай ярилцахад “Unlock” подкастыг сонсож буй мэт санагдаж байна. Подкастаа таслахгүй хийж амжиж байна уу? 

-Подкастаа хийлгүй яах вэ, зогсоохгүй. Цаг хугацаа, давтамжийн хувьд бага зэрэг удааширч магадгүй. Хамгийн сүүлд, өнгөрсөн сард 163 дахь дугаараа хүргэсэн байна. Энэ бол сэтгэл шаардсан ажил шүү дээ. Бид подкаст хийх, эсэхээс үл хамааран өөрийгөө хөгжүүлэхийн тулд хүссэн номоо уншдаг. Тэрийгээ нэг цагийн яриа болгож бэлтгээд цахим орчинд байршуулахад мөнгө, цаг хугацаанаас илүүтэй сэтгэл шаарддаг гэх үү дээ. Сурсан, мэдсэнээ хуваалцан, бусдыг хөгжиж дэвшихэд нь бага ч болов боломж олгохын тулд л энэ ажлыг эхлүүлсэн. Бид өөрсдөө чамлахааргүй боловсрол эзэмшсэн бол бусдад тэр боломжийг бий болгох гүүр нь байх ёстойгоо ухамсарлах хэрэгтэй. “Unlock”-ийн зорилго анхнаасаа л ийм байсан. Ер нь аливаа мэдлэгийг бусадтай хуваалцаж байж ч учир утгатай болдог. Уншсан ганц номынхоо талаар хуваалцахад 40, 50 мянган залуус сонсоод, харах өнцгөө өөрчилж байгаа нь мөнгөөр хэмжишгүй үнэ цэн биш гэж үү. Үүгээр дамжин бүтэн үе хүмүүжиж байна гээд бод доо. Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг би тэс өөрөөр төсөөлдөг. Монголын боловсролын тогтолцооноос олж авч чадахгүй байгаа мэдлэгийг бидний подкастаас сонсож хүмүүжсэн хүүхдүүд бакалавр, магистрын зэрэгт суралцаад төгсөж байна.

-Подкастаасаа та өөртөө юу авсан бэ? 

-Хамгийн ихийг хүртсэн нь магадгүй би байх. Подкаст хийснээрээ хүслийн жагсаалтынхаа бүх номыг уншиж амжуулж байна. Тэр хэрээр би өөрчлөгдөж, үнэ цэнийг өөртөө бий болгож, сэтгэл дүүрэн байдаг.

-Хүслийн жагсаалтын тань хамгийн эхэнд ямар ном байсан бэ? 

-Клейтон Кристенсений “How will you measure your life?” буюу “Амьдралаа хэрхэн үнэлэх вэ” гэдэг ном байсан. Энэ номыг уншина гэж авчхаад хойш тавиад л яваад байсан ч подкаст хийснээрээ барьж авсан. Өнөөдрийг хүртэл гаргасан томоохон шийдвэрүүдэд эндээс олж авсан зүйлс ч нөлөөлсөн байдаг. Австралиас Монгол руу буцах, эх орондоо ирээд юу хийх гэх мэт шийдвэр гаргахад энэ ном итгэл үнэмшил минь болсон. Гадаадад сурахын тулд Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас Улаанбаатарт ирж бэлдээд, саяхан Стэнфордын их сургуульд тэнцсэн Урангоо гэдэг охин бий. Урангоо хөдөө малаа хариулж явахдаа 32 Gb багтаамжтай утсаа дүүртэл “Unlock”-ийн дугааруудаас хадгалж аваад, бүгдийг нь олон удаа давтаж сонссон тухайгаа над руу бичсэн юм. Түүний том мөрөөдөл тэндээс эхэлж, Клейтон Кристенсений энэ ном ч хамгийн хүчтэй нөлөөлсөн юм билээ.

 -“Хүүхдийнхээ сайн сайхны төлөө ээж хүн цастай өвлийн урт, хэцүү замыг туулдаггүй Монгол Улсыг бүтээн байгуулахыг би хүсэж байна” гэж бичсэн эсээ, ээжийнхээ тухай хуваалцсан яриа тань сэтгэл хөдөлгөм байдаг. 

-Их сургуульд орох эсээ бичихэд тавьдаг, чиний амьдралд хамгийн их нөлөөлсөн, утга учиртай зүйл юу вэ гэх мэт асуулт намайг өнгөрснөө ухаж төнхөхөд хүргэсэн л дээ. Хариулт нь их энгийн, дэргэд минь байсан аав, ээж маань. Намайг Харвардын Бизнесийн сургуульд тэнцүүлсэн эсээндээ энэ хүмүүсийн хайрын тухай л өгүүлсэн. Тэр дундаа миний ээжийн хүүхдүүдийнхээ боловсролын төлөө бүхнээ зориулсан хариу нэхэхгүй хайр, золиос гэж хэлнэ. Өнөөдрийг хүртэл би амжилт гаргасан бол тэр нь миний сайных биш. Хурууныхаа хээг арилтал хар бор ажил хийсэн ээжийн минь хөдөлмөр, хичээл зүтгэл надад боловсролоор дамжин үнэ цэн болон ирсэн. Харвардад аав, ээжийгээ зочилж ирэхэд нь зориулж бичсэн эсээ маань тухайн үедээ их олон хүнд хүрч, түгээгдсэн байдаг. Ямар ч амжилтыг хүн ганцаараа бүтээдэггүй. Олон хүний дэмжлэг, урмаар бид урагшилж, илүү ихээр хичээдэг шүү дээ. Тэр дотроос хамгийн үнэлдэггүй, орхидог хүмүүс нь бидний яг дэргэд байдаг аав, ээж маань.

Залуучууд хэн нэгэн өөрчилнө гэж хүлээх биш, өөрсдөө өрсөлдөөсэй

-Харвардын их сургуульд элссэн, төгссөн хүмүүсийн тухай мэдээлэл хэдхэн жилийн өмнө олон нийтийг сортолзуулдаг байлаа. Харин одоо заримыг нь“Харвардын коммунист” гэж цоллох болж. 

-Дэлхийн шилдэг сургуулиудад хэрхэн өргөдөл гаргах талаар 2008 оноос хүүхэд, залууст зөвлөж, тусалж байна. Манайхны потенциал маш өндөр ч зарим нь мэдээлэл дутмаг, өөрийгөө голдог. Жаахан чиглүүлэхэд л дэлхийн шилдэг сургуулиудад тэнцэж, тэтгэлэг авч, төгсөөд том компаниудад ажиллаж байна. Харин одоо энэ талаарх мэдээлэл хангалттай хүрч, “нөгөө л Харвард” гэгдтэлээ яригдаж байгаа нь сайн хэрэг. Энэ жил гэхэд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын сурагч Харвардын их сургуульд бакалаврын бүтэн тэтгэлгээр тэнцлээ.  Шүүмжлэл муу зүйл биш, харин ч эергээр хүлээж авах хэрэгтэй. Алдаагаа засаж, сайжрахыг хүсэж байгаа бол шүүмжгүйгээр урагшлахгүй. Тиймээс огт эмзэглэдэггүй. Би УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн тухайгаа олон нийтэд зарласан. Миний шийдвэрийг шүүмжлэх хүмүүс байгаа ч дэмжиж буй нь хавьгүй олон байна. Залуучууддаа хэлэхэд, тэр хүн УИХ-ын гишүүн болбол ирээдүйг маань сайхан болгож өөрчилнө гэж суухаас илүүтэй өөрсдөө өрсөлдөж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлээсэй. Олон залуу хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн байх. Тэрийгээ нээлттэй зарлах хэрэгтэй. Ингэх тусам улам олуулаа гэдгээ мэдэрнэ. Бид хүн амынхаа 70 хувийн төлөөлөл нь шүү дээ.

-Улс төрийн талбарт баримтлах гол зарчим юу байх ёстой юм бэ? 

-Энэ бол бусдын төлөө ажиллаж, тэдний эрх ашгийг хамгаалах орон зай. Уг нь хувийн сонирхол нь олон нийтийнхтэй зөрчилдвөл ард түмнийхийг илүүд үзнэ гэсэн амлалт, тангарагтаа үнэнч байхад хангалттай. Өнөөгийн манай улс төрийн буруу шийдвэр болгон тангаргаасаа няцаж, зөрчсөнтэй холбоотой. Өрөөл бусдын биш, өөрийнхөө эрх ашгийн төлөө шийдвэр гаргаснаас олон асуудал үүсэж байна. Клейтон Кристенсений номд ингэж бичсэн байдаг юм. Аливаа зүйлд тууштай, зарчимдаа үнэнч байх амаргүй. Гэхдээ баримталдаг чиг шугамаасаа хазайхгүй, 100 хувь үнэнч байна гээд тогтчихвол нөхцөл байдал харин ч хялбар болдог. За бол за, үгүй бол үгүй гээд зааглачихвал хэзээ, ямар тохиолдолд хэрхэх билээ гэж бодох юмгүй, ямар нэгэн шийдвэр гаргана гэж зовохгүй, амар байдаг. Миний зарчим ч ийм. Бизнесийн сургуульд “slippery slope” гэх ойлголтын талаар заадаг л даа. Бид нэг удаа багахан буруу зүйл хийлээ гэж бодъё. Жижиг юм чинь зүгээр дээ гээд орхичихдог. Хоёр дахиа давтахад эхлээд хийхэд гайгүй л байсан шүү дээ гээд тоодоггүй. Гурав дахиа хийчхээд “Хааяа зүгээр шүү дээ” гэж бодох бол дөрөв дэх удаад нь “Угаасаа л ийм” гэж хандана. Нэг л мэдэхэд буруу тийшээ явчихсан, түүнийгээ зөвтгөчихсөн, байх л ёстой зүйл шиг хүлээн зөвшөөрч, эвлэрчихдэг гэсэн үг. Үүнийг уруу газар луу халтирахтай зүйрлэсэн хэрэг л дээ. Өндрөөс өнхөрсөн жаахан цас доошлох тусам томорч, хурдтай урууддаг шүү дээ. Ингэж уруудаж, халтирахгүйн тулд зарчимдаа 100 хувь үнэнч, тууштай байх ёстой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна