​ Үндэсний баялгийн сан мянгуужингийн үлгэр болох вий

Админ
2024/04/18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай  хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд заавал нээлттэй хувьцаат компанитай байх, хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх” зэрэг эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Харин уул уурхайн салбарын хувийн хэвшлүүд болон зарим эдийн засагчид энэ шийдвэрээ эргэж харах ёстой гэж үзэж байна.

Хэрвээ хууль дээрх байдлаар хэрэгжиж эхэлбэл Монгол Улс стратегийн гэх тодотголтой ашигт малтмалын орд газруудаа гадныханд найр тавьж байгаагаас ялгаагүй болно. Нөгөөтээгүүр улс төрчид эрх мэдэлтнүүдийн бохир мөнгөө угаах хэрэгсэл болох нь ч цаг хугацааны л асуудал. Хэд хэдэн сангаа ийм замаар оруулсан түүх бий.

Түүнчлэн олон хувьцаа эзэмшигч байснаараа шийдвэр гаргах процесс удааширч, нэгдсэн зөвшилцөлд хүрэхгүй байсаар ордын ашиглалт түүнээс гарах эдийн засгийн өгөөж буурах эрсдэл ч харагдаж байгаа юм. Бид үндэсний баялгийн сантай болохыг дуу нэгтэйгээр дэмжиж байгаа боловч энэ сангийн хөрөнгө хэн нэгэн эрх мэдэлтнүүдийн гараар орох вий гэсэн болгоомжлол ч бас байна.

Зүй нь үндэсний баялгийн сангийн хөрөнгийг үндэсний компаниудын үйл ажиллагааг дэмжиж, татварын зөв бодголго хэрэгжүүлэн босгох учиртай. Мөн олон улсын жишгийг харвал энэ төрлийн сангийн хөрөнгийг ил тод байлгаж, захиран зарцуулалтыг олон нийтэд шилэн байдлаар зарладаг. Үүнээс гадна сангийн хөрөнгө хөдөлгөөнгүй, царцах ёсгүй бөгөөд ур чадвартай менежментийн баг хөрөнгө оруулах замаар өсгөж, ард түмэнд тэгш хуваарилдаг зарчимтай.

Гэтэл манай улс дотоодын хувийн хэвшлүүдээ дэмжих замаар томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, татвар хураамжаар дамжуулан ашиг хүртэж түүнийгээ ард иргэдийн сайн сайхны төлөө зарцуулахын оронд хөгжлөөс чангаах хуулийн төсөл хэлэлцэж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна