С.Амарсайхан: Хотын ажил хуулийн хүрээнд гэхээсээ хувь хүний сонирхолоор явж ирсэн

Админ
2019/04/22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа асуудлуудад албан ёсны тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Би хотын дарга болохоосоо өмнө НИТХ-ын даргаар нэг жил ажилласан. НИТХ-ын дарга нь бодлогын шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг бол хотын захирагч тухайн шийдвэрийг хэрэгжүүлдэг.  Өнгөрсөн хугацаанд бодлого шийдвэрийн нэгдсэн ойлголт, ажил хэргийн уялдаа хангалтгүй, ажил хариуцсан хүмүүсийн хариуцлага байхгүй, иргэд хөндлөнгөөс хяналт тавих оролцох бололцоо хязгаарлагдмал байсан.  Хотод олон төсөл хэрэгжүүлж ирсэн. Харамсалтай нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд албан тушаалтнуудын үүрэг хариуцлага хангалтгүй байсан. Бодлогогүй зах замбараагүй, агаар хөрсний бохирдол гамшигийн хэмжээнд хүрч, газар зохион байгуулалт нь алдагдсан. Хот нь хот биш болох хэмжээнд хүрсэн. Үүнийг дагасан авлиагад  ёс зүйн хариуцлага хаягдсан.  Хуулийн хүрээнд явахаас илүүтэй хувь хүний сонирхолоор явж ирсэн. Тиймээс цаашид аль болох богино хугацаанд нийслэлийнхээ иргэд, АНН-тэй хамтраад тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх ажлыг эрчимтэй зохион байгуулна.  Энэ бүхнийг олон нийтэд  мэдээлэхтэй зэрэгцээд хэсэг бүлэг хүмүүс ташаа мэдээллүүдийг тарааж, гүтгэлэг хийж, илт эсэргүүцэж байна.  Бидний ажлыг харлуулан гутаах, өөрсдийн хийсэн авлига хулгай, хариуцлага алдсан зүйлээ нуун дарагдуулах зорилгоор албан тушаалын нэр төрд халдах, бүх төрлийн дарамт шахалт гүтгэлэг доромжлол явж эхэлж байна” гэлээ. 

 

 

Х.Мөнхчулууныг цагдаагийн байгууллагад өгсөн


Тэрбээр цааш нь "Сүүлийн үед Хятадын компанид 50 га газрыг Улаанбаатар хотын захирагч өглөө гэдэг гүтгэлэг мэдээлэл хүчтэй явж байна.  ЗГ-ын хэмжээнд хоёрын улсын хэмжээнд хамтарч ажиллахаар санал солилцсон. Үүний дагуу "Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын захирамжаар судалгаа хийх ажлын хэсгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байгуулж, үүний дараа ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Тианжин хотын захиргаатай хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах судалгаа, тооцоо хийх шаардлагатай байгаа албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн.  Энд ямар нэг газар олгоогүй, харин тариаланчдад хэрхэн хүлэмж байгуулах талаар судалгааг хийх талаар байсан.   Энэ мэдээллийг НИТХ-ын тэргүүлэгч Х.Мөнхчулуун зориуд мушгин гуйвуулж мэдээлэл түгээсэн. Энэ нь өөрийнх нь хувийн ашиг сонирхолтой шууд холбоотой. С.Мөнхчулуун өмнө нь өөрийнхөө хадам ээжийнхээ түрээсэлдэг байрыг хадам эхийнхээ нэр дээр нь хувьчлуулахаар удаа дараа бичиг ирүүлснийг нь би хүлээн аваагүй юм. Хоёр, гурван удаа хууль бус гээд буцаасан. Цаана нь энэ мэт өөрийнх нь хувийн ажил амьдралтай холбоотой асуудал байгаа учир  зориуд гүтгэж байна. Энэ асуудлаар өнгөрсөн баасан гарагт цагдаагийн байгууллагад хандсан. Үнэн, зөвийг нь  цагдаагийн байгууллага шалгаж тогтооно биз" гэв. 

 

С.Амарсайханы дэлгэсэн хууль бус үйлдлүүдийн эзэн нь хэн бэ

Мэдээллийн үеэр гүтгэлэг, ташаа мэдээллийг тарааж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хэргийн талаар дурдлаа. Эдгээр хэргүүдийн зарим нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж.  

 

-    Төв цэвэрлэх байгууламжид  үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн сайхан залуу амиа алдлаа. 2016-2017 онд яг осол болсон газарт 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн ч чанаргүй хийгдсэн. Үүнийг нуун дарагдуулахын тулд иргэдийн анхаарлыг өөр тийш нь хандуулж байна. 


-    Шүд эрүү нүүрний төвийн байрыг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан авах санал орж ирэхэд би гурван удаа буцаасан. 1000 метр квадрат газрыг ийм үнийн дүнгээр авснаас 3000 метр квадрат байрыг машины зогсоолтой нь авсан дээр үзээд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Гэвч ганцхан компанийг оруулсан. Одоо энэ байрны үлдэгдэл тэрбум гаруй төгрөгийг нь өг гэсэн шаардлага тавьж байгаа. Байр шаардлага хангахгүй байгаа учир өгөхгүй гэдгийг би хотын дарга болсноосоо хойш хэлж байгаа. 


-    Нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод шилэн нээлттэй болгосон. Энэ нь тус байгууллагаар амь зуудаг, АНН-ыг дарамталдаг, хахууль авдаг хүмүүст таалагдаагүй. Сургууль цэцэрлэг, зам талбайн бүх тендер нэг даргын өрөөнд шийдэгддэг явдал хэрээс хэтэрсэн байсан. Төсөвт өртгийн 10 хувийг авлигаар авдаг байсныг таслан зогсоосон. 


-    Нийслэл орон сууцны сан бүрдүүлдэг. Хэрэв нийслэлийн газар нутаг дээр барилга байшин баривал хоёр хувийг нийслэлд үнэ төлбөргүй шилжүүлдэг журам бий. Энэ журам хэрэгжихээ больсон. Харамсалтай нь АНН-ийг элдэвээр дарамталж, ил далдаар байр авдаг. Үүнийгээ зориулалтын дагуу ашигладаггүй. Ах дүү амраг садан, танилдаа өгдөг хүмүүс байна. Хэдэн арван барилга хаашаа орсон үл мэдэх шалтгаанаар алга болсон. Өмчийн газар нь нуугаад мэдээллээ гаргаж өгдөггүй эсвэл мэдээлэл нь дутуу, хэнд өгсөн нь ойлгомжгүй байдаг. Нийслэлийн санд орох ёстой байрыг хэн авсан, ямар зориулалтаар авсан талаарх мэдээлэл ил болно гэсэн учир эсэргүүцэж байна.


-    Нийтийн тээврийг шинэчлэх ажлыг сүүлийн таван жил ярьж байна. Жилд 500 мянган ам.долларын төсөвт өртөгтэй энэ ажлыг Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан тав зургаан хүн шамшигдуулсан. Гадагшаа дотогшоо аялсан. Өөрсдийнхөө компанийг тус төсөлд оруулахын тулд булаацалдаж, ажлыг гацаадаг байсан Нийтдээ гурван сая ам.доллароор гадаад дотоод зугаалж, тавилга сэлт авч ямар ч үр ашиггүй зарцуулсан. Хариуцлагагүй ажилласан хүнийг солино гэсэн яриа гарсан тул үүнийг бас л эсэргүүцэж байгаа. 


-    Улаанбаатар хотын авто зам, засвар үйлчилгээний ОНӨГ. 45 мянган төгрөгийн тэмдэглэгээг 170 мянганаар шахдаг. Өнөөдөр энэ компани 6 тэрбум төгрөгийн өглөг үүсгээд хариуцаж байсан хүн нь ажлаа хаяж яваад гурван сар болж байна. Энэ компани руу шилжүүлсэн Налайх дүүргийн үйлдвэр технологийн ажилд зарцуулагдах тэрбум 800 сая төгрөгөөр  800 сая төгрөг нь ор тас алга болсон.  


-    Баянзүрх дүүрэгт хоёр удаа төрийн аудитын дүгнэлт гарсан. Энэ дүүрэгт ажил хийдэг хүн байхгүй болсон. Төсвийн хөрөнгийг хууль бусаар буруу зарцуулдаг, эрх мэдлээ урвуулан хэрэглэдэг явдал сүүлийн гурван жил үргэлжиллээ. Санхүүгийнх нь асуудлыг дэлгэж, хуулийн дагуу асуудлыг шийдэх гэхээр жагсаал цуглаан зохион байгуулж, бүхэл бүтэн гурван долоо хоногийн турш дүүргийн Тамгын газарт хоноглож, хооллож ундлаад эсэргүүцэж байна.  


-    3,8 тэрбум төгрөгөөр газар чөлөөлөх нэрээр газар худалдаж авсан асуудал бий. Үерийн аман дээр, хүн амьдрах боломжгүй газрыг худалдаж авсан. Бүр нэг хүний найман газрыг шахаад худалдаад авчихсан. 200 сая төгрөгийн газрыг 500 саяар зардаг гэх мэтчилэн олон хууль бус зүйл байгааг ажлын хэсэг гарсан ажиллаж байна. Дохио зангаагаар нь ажилладаг дарга нар байхгүй болсон, хууль бус үйлдэл нь таслагдсан, ах дүү амраг садангаараа дамжуулан хахууль авдаг байсныг нь бул хар чулуу шиг С.Амарсайхан ирсэн учраас ямар ч аргаар хамаагүй зайлуулах гэсэн компанит ажил явж байна гэлээ. 


Албан тушаалын наймаа, авлига хээл хахуулийн сүлжээ задраад эхлэхээр 20 жилийн турш энэ бүхнийг идсэн сүлжээнийхэн амь тавин дайрч байна. Энэ бүх гүтгэлгээс бид ухрахгүй. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа би ил тод нээлттэй болгоно. Үүний тулд хотын явуулын баазыг шинээр хийж нэг автобусыг хороо бүр рүү явуулна.  Одоо иргэд хотод ирж даргын үүдийг сахидаг биш харин хотын дарга нар хороо бүрт хүрч ажилладаг болгоно. Хотод олон жил бугшсан энэ буруу тогтолцоог өөрчилье. Зөв зүйлд хамтарч ажиллацгаая” гэлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна