Г.Батхүү агсныг золгүйгээр амиа алдсан хэмээн хэргийг нь хаахаар болжээ

Админ
2019/08/02

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү өнгөрсөн тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач тухайн өдөр “Торгоны зам” олон улсын автомашины уралдааны зохион байгуулах комиссын хуралд оролцоод, дараа нь УИХ-ын хэд хэдэн гишүүний өрөөнд зочлоод, гарахдаа Засгийн газрын хуралдааны танхимын үүдний дэргэдэх гонхноос доош унасан байдалтай олдсон юм.  Хэрэг гарсаны дараах нь АН-ын удирдлагууд мэдээлэл хийж, тус хэргийг  хянуулахаар ОУПХ-нд хандсан тухайгаа мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин “Хөндлөнгийн хяналтыг олон улсын байгууллагаас тавих нь зөв гэж үзсэн. Энэ асуудалд гурван асуудал маш бүрхэг байгаа. Нэгдүгээрт, Төрийн ордонд энэ үйл явдал болсон. Тусгай хамгаалалттай, хаалттай газар. Орж гарахад хүндрэлтэй байдаг учраас цагдаагийн байгууллагынхан дотогшоо ороход хүртэл их хүндрэлтэй байх шиг байна. Тийм учраас гадаадын хөндлөнгийн хяналт байх хэрэгтэй байх.


Хоёрдугаарт, эрх баригч намын нэр бүхий гишүүдийн дунд их хэмжээний архидалт болж, архидаж байсан гишүүд өрөөгөө цэвэрлэсэн гэх нь сэжиг төрүүлж байна. Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад болох магадлал байгаа учраас Олон улсын байгууллагаас дэмжлэг хүсч байна. Ил тод байх ёстой болов уу гэж итгэж байна.


Гуравдугаарт, та бүхэн шүүх шинжилгээний дүгнэлтийг үзсэн байх. Ямар нэг зүрх хаагдах, цус харвасан зүйл байхгүй. Өндрөөс унасан гэмтлийн улмаас нас барсан. Унах болсон шалтгаан маш учир битүүлэг байна. Хүмүүсийн хооронд маргалдаан мэтгэлцээн болсон байж магадгүй гэсэн яриа таамаг байгаа учраас цагдаагийн байгууллага улс төрийн байгууллагаас ангид нөлөөгүйгээр үйл ажиллагаа явуулахад эргэлзээтэй. Тийм учраас ОУПХ-нд хандсан” гэсэн.


Тэгвэл уг хэргийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад, хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорт удахгүй шилжүүлэх болсон талаар “Өнөөдөр” сонин мэдээллээ. Цагдаагийн мөрдөгчид шаардлагатай бүх л нотлох баримтыг цуглуулж, гэрчүүдээс мэдүүлэг авчээ. Тэдний дунд УИХ-ын нэг бус гишүүн тайлбар өгсөн байна. Улмаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, ШШҮХ-гийн шинжээчдийн дүгнэлт зэргээр гаднын нөлөөгүй, золгүйгээр амиа алдсаныг тогтоож, хэргийг хаах саналтай НПГ-т шилжүүлэхэд бэлэн болсон байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна