Зөвлөгөө: Таргалалт бодисын солилцооны өвчин

Админ
2021/01/21

Уламжлалт анагаах ухаанаар авч үзвэл таргалалт нь бодисын солилцооны эмгэг буюу долоон тамирын үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ. Долоон тамир буюу тунгалаг, цус,мах, өөх, яс, чөмөг, дусал/улаан,цагаан дусал байх бөгөөд улаан нь сарын тэмдэг, цагаан үрийн шингэн/ мөн гурван хир болох өтгөн шингэн, хөлс зэрэг нь хэвийн ялгарч байх ёстой. Хэвийн хэмжээнээс арвидах, эсвэл дутуудснаар бодисын солилцооны алдагдалд орж таргалалт болон өөр олон өвчин үүсдэг. Долоон тамир дундаас өөх арвидснаар харвин, өөх ихсэж таргалах шалтгаан болно. Гол шалтгаан хүйтэн бадгана өвчнөөс үүдэлтэй. Дотор өвчин бүхний гол шалтгаан нь эс шингэх юм. Хоол тэжээлийн буруу хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу дадал зуршил, сэтгэлзүйн тавгүй идэвхгүй байдал, хорт зуршилаас  үүдэлтэй. Үүнээс болж шингээлтийн гурван хүчний үйл ажиллагаа алдагдаж хүйтэн бадган өвчин үүсэж таргалалт бий болно.   Таргалсан үед хүний бие махбодид гадна, дотор өөхжилт ихээр үүснэ, мах, булчин дагаж хаван суваглаж үүсдэг. Хоололтоо  цагийн байдалд зөв тохируулж идсэнээр таргалтаас сэргийлнэ.

Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй. Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй.


Бадгана махбодитой хүний голдуу хэрэглэхэд зохистой хүнсэнд:
цагаан будаа, монгол амуу, арвай
ямааны сүү, ээзгий бяслаг, зөөхий, өрөм, ааруул
хонь, ямаа, тэмээ, тахианы мах, загас
сонгино, саримс, гогод, төмс, лууван, манжин, ногоон чинжүү, хар повоор, улаан лооль, залуу улаан манжин
жүрж, алим, үзэм, чацаргана, анар зэрэг жимс
айраг, тараг, пиво, буцалгасан халуун ус, халуун цай
хар повоор, сүгмэл, шанцай, лиш, гоньд, саримс

Харин хааяа хэрэглэхэд зохистой хүнсэнд:
буудай, шар буурцаг, бор будаа
үнээ, ингэний сүү
үхэр, гахай, адууны мах
наранцэцэгийн тос, цагаан тос, өөхөн тос
мөөг, өргөст хэмх, шанцай, ногоон гич, өнгөт байцаа
самар, тарвас, хан боргоцой, анар
хар цай, кофе, дарс

Энэ махбодитой хүмүүс хэрэглэхгүй байвал зохистой хүнсэнд:
эрдэнэ шиш, шинэхэн сагаг
ялзарч нэгшсэн мах
өөх, эрдэнэ шишийн тос, далайн давс
ногоон вандуй, амтлаг төмс
чангаанз, гадил
хүйтэн ус, цай
Хүйтэн бадгана өвчнийг тэнцвэржүүлэхийн тулд буцалсан халуун ус уух шаардлагатай.

Өглөө өлөн элгэн дээрээ хүйтэн ус уух нь тохиромжгүй юм. Хүйтэн ус нь ходоодны галын илчийг дарангуйлдаг. Тиймээс турах гэж байгаа бол халуун буцалсан ус уувал зохимжтой. Ширгээсэн ус уувал бүр сайн мөн халуун усан дээрээ зөгийн бал хийж ууж болно. Мөн турах гэж байна гээд их хэмжээний ус ууж болохгүй. Ус их уух нь бөөрний үйл ажиллагааг гэмтээх, зүрхний ачааллыг ихэсгэх, ходоодны галын илчийг дарах, хямраах, шээс ихээр ялгаруулах, тархи хавдах зэрэг олон эрсдэл дагуулах эрсдэлтэй. Усыг тохируулан хэрэглэх нь таны биед тустай юм. Ходоодны галын илч сайн байж таны хэрэглэж байгаа хоол хүнс, эм зэргийг шингээнэ. Тиймээс ходоодны шингээлтийг сайжруулах хэрэгтэй. Мөн тунгалаг, цөвийн боловсролыг сайжруулах, тарга өөхлөлтийг бууруулахын тулд Шингээлтийн гурван хүч үйл ажиллагааг сайжруулах, галын илчийг тэтгэх зарчмаар хоол унд, эм эмчилгээг хийх нь үр дүнтэй байдаг.

Хэт их өлсөх нь муу. Өлсөөд байвал хийн бэлгэ чанар хямардаг. Өлссөн тохиолдолд  өл дарах зорилгоор маш бага хэмжээний хоол, унд идэх хэрэгтэй. Өлөө дарахын тулд шингэц сайтай шөлтэй хоол идэж, эсвэл тараг, сүү ууж болно. Хэрэв хоол идсэн бол түүнийгээ шингэх хүртэл хоёр цаг хөдөлгөөнтэй байж, гэрээ цэвэрлэх, мөргөл хийх зэргээр хоолоо шингээсний дараа унтах хэрэгтэй.

Мөн дасгал хөдөлгөөн хийх 108 мөргөлийг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Хийхдээ өөртөө тохируулан өөрийгөө хэт ядраахгүйгээр 7,21,54,108-аар бага багаар дасгаж,тоогоо бага багаар ахиулан мөргөж болно. 108 мөргөснөөр бодисын солилцоо сайжирч, хийн гүйдэл тэгширч, сэтгэл санааг тайвшруулах, цусан хангамж сайжирч, ходоодны галын илч нэмэгдэж бие хөнгөрч илүү эрч хүчтэй болно. 

Ходоодны галын илч нэмэгдсэнээр хоолны шингээлт сайжрах, хаван буурч, өтгөн хаталтаас сэргийлнэ.
Учир нь хүн бүр байгалийн давтагдашгүй өвөрмөц онцлогтой гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Үүнээс гадна ямар эмгэг өөрчлөлтөөс шалтгаалж таргалалт үүсээд байгаагаа зов оношлуулах ёстой. Таны биед хаван хөөнгө байна уу. Эсвэл өөхлөлт их байна уу гэдэг бол маш чухал. Хэрэв маш их хавагнаж жин нэмсэн бол зүрхний үйл ажиллагаанаас уу, ходоодноос уу, бөөрнөөс үүдэлтэй хаван уу гэх зэргийг мэргэжлийн эмчид хандан  тогтоолгоно . Ингэж байж хугацаа алдахгүй, мөнгөө хэмнэж эрүүл мэндээ аварч үлдэх юм. 

Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн уламжлалт анагаахын их эмч, магистрант Л.Энхтунгалаг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна