Нэр бүхий олны танил хүмүүсийг “ХДХВ-ийн халдвартай” гэх мэдээлэл сүүлийн үед цахим орчинд тархах болсон. Үүнтэй холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс албан ёсны мэдэгдэл гаргажээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш нийт 451 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 73 хүн нас барсан бол 40 хүн гадаадын улс оронд амьдарч байгаа бөгөөд 322 хүн буюу 95.2 хувь нь эрүүл мэндийн байгууллагын үзлэг, шинжилгээ, хяналтад байгаа аж.

Мөн ХДХВ-ийн халдвартай амьдарч буй 20 эмэгтэйгээс нийт 36 хүүхэд төрсөн бөгөөд эдгээрийн 15 нь давтан төрөлт байжээ. Төрсөн хүүхдүүдэд эхээс хүүхдэд ХДХВ дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

ХӨСҮТ-өөс ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд нууцын гэрээ байгуулан ажилладаг болохыг онцолжээ.

Түүнчлэн нэр бүхий хүмүүсийг ХДХВ-ийн халдвартай гэх агуулгатайгаар цахим орчинд тарааж буй мэдээлэл нь ор үндэслэлгүй, хуурамч мэдээлэл болохыг ХӨСҮТ-өөс албан ёсоор мэдэгдсэн байна.

Иймд баталгаагүй мэдээллийг цахим орчинд түгээхгүй байх, хүний эрүүл мэндтэй холбоотой нууц мэдээллийг хүндэтгэхийг иргэдэд анхааруулж байна. 18a3d6ed0dd94159859c815d44000558