НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day буюу Дэлхийн цэвэрлэгээний өдрийг Монгол Улсад 6 дахь удаагаа зохион байгууллаа. Дэлхийн цэвэрлэгээний өдөр нь орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэхээс гадна хог хаягдлын зохистой менежмент, ангилан ялгалт, дахин боловсруулалт, хариуцлагатай хэрэглээний талаарх олон нийтийн мэдлэг, зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэдийг байгаль орчныг хамгаалах бодит үйлдэлд нэгтгэх зорилготой дэлхийн хэмжээний тэмдэглэлт өдөр юм. 

Жил бүр мянга мянган залуус тус аянд нэгдэж, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах менежментийн талаарх мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэн, байгаль орчныг хамгаалах эерэг хандлага, зөв дадлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж ирсэн билээ. 

“Clean Up Day” 6 дахь жилдээ Монгол орон даяар амжилттай зохион байгуулагдаж Улаанбаатар хотод 9 байршилд 11800 хүн оролцож 87 тонн хог хаягдал, 21 аймгийн 45 цэгт 7681 хүн оролцож 367 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Эх дэлхийгээ цэвэрлэх энэ өдөр нийт 20 мянга орчим хүн оролцож, 454 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.