УИХ-ын чуулганаар 2022 оны Төсвийн тухай хууль хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- АН бүлэг төсөв дээр завсарлага авсан нь зөв. Төсвийн  орлого төл өөдрөг төсөөлөлтэй байна. Хил гааль хаалттай байна. Урд хөрш, халдвар зөөгдөөд байна, зохицуул гэсэн ч манайх чадахгүй байна. Ер нь эдийн засаг хүнд байдалд орчихлоо. Манай улс ОХУ-тай ямар ч худалдаа наймаа байдаггүй, БНХАУ-тай 90 гаруй хувь нь худалдаа хийдэг. Гэвч энэ суваг чинь бөглөрчихлөөр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, долларын ханш савлана. Дэлхий нийтэд инфляци өндөр байна. Манай улсад бүр ч илүү өндөр байна. Нийт өргөн хэрэглээний барааныхаа 90 хувийг гаднаас авдаг гээд нөхцөл байдал амаргүй байна. Гэтэл төсөв дээрээ ковидын өмнөх үе шигээ 36 сая тонн нүүрс экспортолж чадна гэж байна. Орлогоо өндөр төсөөлчихлөөр зарлага нь дагадаг. Сангийн яам нь сайн төсөв оруулж, сахилга баттай байхгүй бол УИХ хэзээ ч сайн төсөв баталж чадахгүй. Ийм түүх байхгүй. Сонгуулийн үеийн жилүүдэд эрх баригчид төсвөө өндөр тавьдаг. Гэтэл сонгууль дуусаад 2 жил болж байхад яагаад  ийм тэлсэн төсөв батлуулах гээд байгааг гайхаж, шүүмжлэлтэй хандаж байгаа. Бид бүсээ сайн чангалах, зарлагаа хумих ёстой.   

- Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа. Гэтэл нь бодит байдал дээр лоозон болчихлоо. Хүүхдийн мөнгө бол орлого багатай хүүхдэд чиглэсэн тэтгэмж. Бүх хүүхдэд хавтгайруулж өгөх нь буруу гэдгийг нийт эдийн засагчид хэдэн жилийн турш дуу нэгтээ хэлдэг.  Гэтэл ирэх жил хүүхдийн мөнгийг Ирээдүй өв сангаас санхүүжүүлэхээр ярилаа. Сангийн сайдын хэлж байгаагаар Ирээдүй өв санд байгаа гэх 2 их наяд төгрөг чинь одоо байхгүй, ашиглагдсан байна. Тиймээс цаашид ядаж зориулалтын дагуу хэрэглүүлэхийн тулд банканд дээр хүүхдүүдийн нэр дээр данс нээгээд хийгээд явах зөв гэлээ. Гэтэл нөгөө банкнууд маань ямар билээ. ЭМДСНДС-гийн мөнгөө бид авч чаддаг билүү.