УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн С.Ганбаатарыг уучлалт гуйхгүй бол ҮХЦ болон шүүхэд өгөхөө мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

МАН-ын бүлгийн гишүүд даатгалын компаниудад худалдагдсан, барьцаалагдсан байна, хахууль авсан байна гэж үзэж байна.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрсдийнхөө төлөө  эрсдэлийн хамтаараа хүлээе гэсэн хууль. Энэ бол 1 сая жолоочийн эрх ашгийг хамгаалж байгаа хууль. Төрд авна гэсэн зүйл байхгүй. Төрд авах гэж байна гэсэн пи арыг даатгалын 14 компанийн эзэд явуулсан. УИХ-ын зарим гишүүд ярьсан. Гэвч нэг сая жолоочийн эрх ашиг ерөөсөө яригдсангүй.

Хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгасан. Жолооч нарын эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг хамтад нь оруулж ирэх горимын санал гаргаж байна. 14 компани 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар хурааж авч байгаа. Ингэхдээ монополь эрхтэй 14 компани энэ мөнгийг зарцуулж байна. Гэвч 1 сая жолоочийнхоо эрх ашгийг хамгаалъя, даатгал, нөхөн төлбөр авахдаа хүндрэлтэй байдал үүсэж байна. Үүнийг нь зохицуулъя гэсний төлөө Төрд авах гэлээ гэдэг пи ар явлаа. Үндсэн хуулийн 5.4-т төрөөс эдийн засгийг зохицуулахаар заасан. Бид төрийн зохицуулалттай эдийн засагт амьдардаг. 14 компанийн хамгийн том нь гадаад компани байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

- С.Ганбаатар гишүүн та МАН-ын бүлгийн гишүүдээс уучлалт гуйгаарай. 62 хүнийг доромжилж болохгүй.  Авлига авсан гэж гүтгэлээ, үүнийгээ тогтоогоорой. Хэрэв МАН-ын бүлгийн гишүүдээс уучлалт гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц болон шүүхэд өгнө. УИХ-ын гишүүн чуулган дээр ганцхан тохиолдолд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэмт хэрэгт гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг. С.Ганбаатар гишүүн МАН-ын бүлгийн гишүүдийг авлигын гэмт хэрэгт гүтгэлээ. Надад гурван асуулт байна. Мөнгөний бодлогыг 6,5 хувьд барина гэж орж ирсэн ч өнөөдөр 12,13 хувь болох гэж байна. Мөнгөний бодлогод гадаад дотоод олон асуудал нөлөөлж байна. Ядаж бид 6,5 хувьд барих боломж байна уу. Ханшийг тогтвортой болгох бодлого байна уу. Ирэх онд хэдийн хэмжээний зээл олгож аж ахуй нэгжээ дэмжих вэ.