Мэдээгүй, хараагүй, санаачлаагүй буюу 32 тэрбумаар хөшөө барих асуудал дээр ХЭН, ЮУ, ХЭЛЭВ?

Б.Ариунзаяа
2021/11/22

Өнгөрсөн 7 хоногт Улсын төсөв батлагдсан. 18 их наядын зарлагатай ч 16 их наядын орлоготой буюу 2 их наядын алдагдалтай төсөв баталсан. Ингэхдээ  “2022 оны төсөвт бүх шатны төрийн байгуулага хэмнэлтийн горимд ажиллахыг тусгасан. Төрийн бүх байгууллагын сургалт семинараа цахимаар зохион байгуулж, гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга эд хогшил авах, урлаг спортын арга хэмжээ, баяр ёслолын ойн арга хэмжээ зохион байгуулах, бүх шатны бичиг хэргийн зардлыг 50 хувиар танах, цар тахалтай тэмцэж байгаагаас бусад төрийн байгууллагын дотоод томилолтын зардлыг 50 хувь бууруулахаар тусгалаа” хэмээн сүржигнэсэн. 

Гэвч эрх баригчид наанаа сүржигнэж, цаанаа жүжиглэж байжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбумаар “Богд Зонхова” цогцолборын барилга барихаар төсөвт чимээгүй суулгасан байсныг ISEE.mn сайт илчилж, улмаар Соёлын сайд ирэх жил уг ажилд нэг ч төгрөг зарахгүй гэдгээ мэдэгдлээ.  Гэвч уг ажлын хэргийн эзэд нь олдсонгүй.  Бүгд л мэдээгүй, хараагүй, санаачлаагүй, дэмжээгүй хэмээн гүрийцгээж байна.


Ч.Номин /Соёлын сайд/ - САНААЧЛААГҮЙ


- Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхова" цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй, өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй болно. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна. Монгол Улсын хувьд түүх, соёл, шашин нь бидний оршин тогтнохтой холбоотой асуудал. Гэвч, аль ч шашинд сүсэглэх, шүтэх нь аливаа цогцолборыг барих, болихоос үл шалтгаалах дотоод итгэл үнэмшлийн асуудал тул эвийг эрхэмлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье. 



Ч.Хүрэлбаатар /Сангийн сайд асан/ - ТУСГААГҮЙ


- Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн ЗГ, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх ЗГ, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн ЗГ төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй. УИХ дээр 3 гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье.

М.Оюунчимэг /УИХ-ын гишүүн/– МЭДЭЭГҮЙ


- Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд өнгөрсөн 6 дугаар сард дүүргийнхээ иргэдээс санал авсан. Тэр саналд ийм хөшөөний асуудал байгаагүй. НББХ дээр  Эрүүл мэнд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад орсон ажлын талаар нэлээн задаргаа хийж, ажилласан.  Тэгэхээр энэ асуудал БСШУБХ дээр  заавал хөндөгдөх ёстой.  30 гаруй тэрбум төгрөгийн асуудал юм чинь байнгын хороон дээр яригдсан л байх учиртай. Төсөв дээр ийм хөшөөний асуудал орж ирснийг мэдээгүй.  Би тойрогтоо 7 хоног бүр ажилладаг.  Манай тойрог телевизээс эхэлдэг.  Тасганы овоон дээр бурхны хөшөө босгох гэж байна гэсэн мэдээллийг аваагүй. 



Ж.Сүхбаатар /УИХ-ын гишүүн/ - ХАРААГҮЙ


- Үнэхээр хөшөө барих бол буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж бгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн БХ, Боловсрол соёл шу БХ доор юу яригдсаныг мэдэхгүй. Би Төрийн байгуулалт, Хууль зүйн БХ-ны гишүүн.


Д.Ганбат /УИХ дахь АН-ын бүлгийн дарга / -ДЭМЖЭЭГҮЙ


- "Богд Зонхова"-ын цогцолбор хөшөөг барихыг АН дэмжээгүй. 2021 онд таван тэрбум төгрөг тавьсан байна лээ. Гэтэл 2022 оны төсөв дээр 34 тэрбум төгрөг тавьсан. Үүн дээр АН эсрэг байр суурьтай байсан. “Хөшөө, дурсгал барих хэрэггүй. Царцаах шаардлагатай” гэдгийг хэлээд МАН үнэмлэхүй олонхоор баталсан. Нийгэм шүүмжлээд эхлэхээр МАН матрын нулимс унагаж байна" гэсэн юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.58
    2021/11/23

    Ийм л хулгайчууд их хурлын гишүүн нэр зүүж улс оронд гай лай болж явна даа.

    Хариулах