“Голомтын төгөл” 650 гаруй гацууртай боллоо

Админ
2022/05/16

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад анхаарч ажилладаг бөгөөд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан “Голомтын төгөл” аяныг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.


 “Мод тарих нь нэг насны буян” уриатай энэхүү аянд Голомт банкны бүх салбар, нэгжийн ажилтнууд идэвхтэй оролцлоо. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд Голомт банк бүх ажилтнаа жил бүр байгаль орчин, ногоон санхүүжилтийн чиглэлээр сургалтад хамруулдгаас гадна мод тарих аянд оролцуулж, бодит ойлголт, дадлага эзэмшүүлдэг юм. Мөн Голомт банкны нэрэмжит “Тэтгэлэгт оюутан-2021” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөл аянд оролцож, эх дэлхийгээ ногооруулах үйлсэд нэгдэв.

 

Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулсан энэхүү төгөлдөө бид зөвхөн гацуур мод тарьдгаараа онцлог. Гацуур нь жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж, орчиндоо хүчилтөрөгч бэлэглэн, өвөрмөц, тааламжтай үнэр ялгаруулан өнгө нэмдэг, хүйтэнд тэсвэртэй, ургац сайтай шилмүүст мод учраас сонгон тарьдаг бөгөөд энэ удаа “Голомтын төгөл”-өө бид улам  өргөжүүллээ. Гацуур мод нь бат бөх үндэснийхээ ачаар 20-60 метр хүртэл өндөр ургаж, 150 жил насалдаг онцлогтой. Гэвч модыг зөвхөн тариад орхих биш, арчилж ургуулахад санаа тавих нь хамгийн чухал учраас  бид ҮСАХ-ийн захиргаатай Хамтран ажиллах гэрээ байгуулж, жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн баг, цэцэрлэгчидтэй хамтран  арчилж, тордох, услах ажлыг хийдэг билээ. Гурван жилийн хугацаанд “Голомт төгөл” нийт 650 орчим гацуур модтой болсон нь эдүгээ  нийслэл хотынхоо эрүүл агаар, өнгө үзэмжийг нэмэн ургаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна