НӨАТ&Бизнес: Хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого тэгш бус байдлыг бий болгож, тогтолцоог гажуудуулж байна

Б.Ариунзаяа
2022/05/16

Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын ээлжит хэлэлцүүлгийн зочноор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, СЭЗИС - ийн ахлах багш, Татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргал, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ончинсүрэн нар оролцлоо.

Хэлэлцүүлгийн сэдэв "НӨАТ&Бизнес".

О.Амартүвшин:

- Дэлхий нийтэд тээвэр ложистикийн гинжин хэлхээ тасалдсан хэвээр байна. ОХУ-Украины дайн асуудлыг дордуулж, бизнесийн нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна, амаргүй байна. Үйл ажиллагаа явуулж, орлого олж байвал татвар төлөх нь хууль ёсны асуудал. Гэхдээ ийм удаан хугацаанд үргэлжилсэн хүндрэлийг бид мэдэхгүй байна хэмээн дэлхий нийтээрээ ярьж байгаа энэ цаг ердийн үед авч хэрэгжүүлдэг арга хэмжээг нь авах зохимжгүй юм. Тухайлбал, ААН-үүдийн дансыг хааж, шүүхэд өгч, үйл ажиллагааг нь боогдуулж байна. Уг нь тэд байдал хэвийн болчихвол асуудлаасаа гарчихна гэж найдаж байгаа ч харамсалтай нь хүнд нөхцөл байдал үргэлжилсээр л байна. Тиймээс Засгийн газар болон Ерөнхий сайд, Сангийн сайд, Татварын Ерөнхий газарт удаа дараа байр сууриа илэрхийлж, хатуу арга хэмжээгээ болиоч. Ядаж бизнес, эдийн засгийн орчин сайжиртал хойшлуулаач, Эрүүгийн арга хэмжээ авахаа азнаач, татгалзаач, ААН-үүдийнхээ хэвийн үйл ажиллагааг хангах нь чухал шүү гэж.

-          Барилгын салбар дахиад л уналтад орох нь. Олон тендер зарлагдаж байгаа орох ААН алга. Учир нь өмнө тендер авсан компаниуд үнийн өсөлтөөс шалтгаалж өрөнд орсон. Энэ нь тендерийн үнийг индексжүүлээгүйтэй холбоотой. Инфляцтайгаа уялдуулаад нэмэхээс өөр аргагүй байхгүй. Өмнө нь 2 сая төгрөгийн үнэтэй байсан арматур 3-4 сая болчихсон байна.

-          Цементийг дотооддоо үйлдвэрлээд байгаа хэрнээ яагаад өсөөд байгаа юм бэ гэдэг. Шатахуун, түүхий эдийн зарим бараа материал нь үнэ нь өсчихсөн, олдоц муу байгаа гээд л нийтээрээ нөхцөл байдал амаргүй байгааг ойлгохгүй, ААН татвараа төлөхгүй байна шахах нь буруу, уян хатан байх хэрэгтэй.

- Иргэд, ААН-ийн зүгээс НӨАТ дээр олон гомдол ирдэг. Сангийн яамны зүгээс НӨАТ-ыг татварын орлого бүрдүүлэх, далд эдийн засгийн ил болгох талаас тайлбарладаг. НӨАТ-ыг манай улс үндсэн агуулгаар нь хэрэглэж чадаж байна уу. Хаана гажуудал үүсээд байна вэ?

Ч.Өнөржаргал:

- Өнөөдрийн байдлаар 170 оронд НӨАТ-ыг хэрэгжүүлж байна. НӨАТ-ыг хэрэгжүүлэх нь орлогын татварын дарамтыг бууруулах нөлөөтэй гэдэг судалгаа байдаг. Манайд гэхэд л 4-5 шатлалтай байсан татваруудыг 2 болгож бууруулж, хувь хэмжээ нь буурсан. Жишээ нь 1,5 сая төгрөгөөс дээш орлоготой ААН-д 45 хувийн татвар оногдуулдаг байсан бол одоо 6 тэрбумаас дээш орлоготой ААН-д 25  хувийн татвар оногдуулдаг болсон гэх мэт орлогын татварын дарамт буурсан.

- НӨАТ манайх дэлхийгээс гажуудаар хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Гэхдээ хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого нь тэгш бус байдлыг бий болгож, гажуудуулаад байгаа  зүйл бий. Жишээ нь гурван бизнес эрхлэгчийн 1 нь татвараас чөлөөлөгдөөд хоёр нь чөлөөлөгдөхгүй байвал  тэгш бус байдал үүснэ.

- Жишээ нь дотоодод үйлдвэрлэсэн ангилсан болон тураг мах, боловсруулаагүй дайвар бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, гурилыг НӨАТ-аас чөлөөлж байгаа нь эдгээр зүйлээр түүхий эд материал хийж, үйлдвэрлэл явуулдаг ААН-үүдэд хүнд байдалд оруулдаг. Анх манайх 1998 онд НӨАТ-ыг нэвтрүүлэхдээ үндэсний үйлдвэрлэгчдийг татварын дарамтаас яаж ангижруулах вэ гэдэг дээр зохицуулалтыг хийж өгсөн. НӨАТ-ын тухай хуулийн  14.1.4-т жишээ нь үйлдвэр байлаа гэхэд,  малчин айлаас шууд мах худалдаж авахад хэдийгээ тухайн малчинд НӨАТ төлөөгүй ч гэсэн дотор нь шингэсэн гэж үзээд хасуулдаг заалт бий. Арьс, шир, ноос, ноолуур, цагаан идээ гээд. Хамгийн анх үр тариаг НӨАТ-аас чөлөөлснөөс хойш үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийнхөө түүхий эдийг чөлөөлүүлсээр эцэст нь дэлгүүрүүдийг ч хүнд байдалд оруулж байна. Томоохон дэлгүүрүүд өөр баримт олгох ч байдаг юмуу, ялгаатай байдлыг бий болгоод байна.

- Тухайлбал, экспортод гаргадаг угаасан, самнасан ноолуурыг НӨАТ-аас чөлөөлсөн нь үндэсний үйлдвэрүүдээ хүнд байдал оруулдаг. Нэг нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийх гээд байхад нөгөө нь түүхийгээр нь экспортлоод татвараас чөлөөлүүлдэг гажуудсан тогтолцоо бий.

- Импортоор орж ирдэг ургамлын тос, элсэн чихрийг НӨАТ-өөс чөлөөлдөг. Гэтэл өнөөдөр бид хямд үнэтэй тос, чихэр хэрэглэж байна уу. Тээвэр ложистикийн асуудлаас үүдэж, нэмэгдсэн үнийн дүнтэйгээр л авч байгаа болохоос нэг төгрөгөөр хямдарсан уу гэвэл үгүй.

- Хэт их хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлого шударга байдал, тэгш байдлыг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол татвар төлдөг хэсэгтээ, төлдөггүй хэд нь дарамт авчирдгийн бодит жишээ.

- Манай татварын ерөнхий орчин, бизнесийн орчин 2 хэр уялдаатай байдаг вэ. Аль аль талдаа ашигтайгаар эдийн засгаа дэмжиж чадаж байна уу?

Д.Ончинсүрэн:

- Манай Засгийн газраас бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих талаар нэлээн санал гарган ажиллаж байгаа.  Үндсэн хөрөнгө худалдан авах тал дээр татвараар дамжуулан дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Хуучин томоохон үйлдвэр барьсан бол 40 жилийн хугацаанд татвараас чөлөөлдөг байсан. Харин одоо 25 жил болсон гэх мэт шинэчлэл хийсэн. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал хуулийн хэрэгжилт дээр гараад байна уу гэж хардаг.

- Татварын хуулинд байхгүй өр төлбөрийг Татварын албанаас гаргаж, нэхэмжлэх тохиолдол гардаг. Татварын тайланд тусгагдаагүй, маргаантай байх үед цахимд энэ нь шууд өр хэлбэрээр бичигдэж байгаа нь маргаан үүсэж, цаг алдаж байна. Татварын систем цахимд шилжсэн нь нэг талаараа ТЕГ-т маш том эрх мэдэл өгсөн.

- НӨАТ төлөгч бол эцсийн хэрэглэгч, иргэд байдаг. Иргэд 10 хувь төлдөг байснаас 2 хувийг нь буцааж олгосноор татварын дарамт 8 болж буурсан. НӨАТ-ыг ААН-үүд нэг нь нөгөөдөө  шилжүүлж, улсад тушаах байдлаар агентын үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнийг татварын хуулиараа бодлогоор дэмжиж өгсөн. Гэтэл замын дунд НӨАТ-ын хуулинд өөрчлөлтүүд байнга орж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь бизнесийг дэмжих үндсэн бодлоготой нийцдэггүй. Үүнээс бол НӨАТ-ын хууль бизнесүүдэд дарамт болж эхэлж байна.

- Үйлчилгээний байгууллага гадаадын ХО-тайгаа хамтрахад 20 хувийн НӨАТ төлж байна. Энэ НӨАТ-ыг дотоодын компани төлөх жишээний.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна