Ш.Цолмон: Говийн иргэдийн саналыг тусгасан зөвлөмжийг яам, агентлагууд шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй

Б.Ариунзаяа
17 цаг 26 минутын өмнө

Энэ сарын 23,24-ны өдрүүдэд говийн бүсийн ил тод байдлын чуулга уулзалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдсан. Чуулганы талаар Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилгын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа. 

Энэ удаагийн говийн бүсийн чуулга уулзалтын онцлог нь юу байв?

- Ил тод байдлын санаачилгын  бүсийн чуулга уулзалтуудыг өмнө нь зохион байгуулж байсан. Харин энэ удаа тухайлсан нэг аймаг буюу тэр дундаа бүтээн байгуулалт ил явагдаж байгаа Өмнөговь аймгийг түшиглэж зохион байгууллаа. Энэ утгаараа чуулга уулзалтын үеэр Өмнөговь аймгийн олборлох үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж байгаа асуудал нэлээн яригдлаа. Харин бүсийн хэмжээний асуудлыг бага яригдлаа. Чуулга уулзалтын үеэр Өмнөговь аймгийнхан олборлох салбарынхаа талаар ил тод, ний нуугүй ярилцсанаар тулгарч байгаа бэрхшээлүүдээ тодорхойлж, санаа зовоосон асуудлуудынхаа талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх боломжтой боллоо. Аймгийн аймгийн удирдлагуудаас эхлээд компани, ААН болон салбар салбарын төлөөлөл, орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд асуудлаа илэн далангүй ярьж, зовлон жаргалаа хуваалцсан нэлээн халуун уур амьсгалтай чуулган боллоо. 

- Говийн аймгуудын иргэд ямар асуудал хөндөж байв. Тэнд үйл ажиллагаа явуулдаг ААН болон тэдэнд хяналт тавьдаг төрийн бус байгууллагын байгууллагынхан ямар байр суурьтай байсан бэ?

- Говь тэр дундаа Өмнөговь аймгийн нутгийн иргэдийн амьдрах орчин нь эрс муудаж байна. Энэ асуудал дээр иргэд нэлээн ширүүхэн байр сууриа илэрхийлж, сум орон нутагтаа амьдрах боломжгүй болж байгаа талаараа шийдвэр гаргах түвшнийхэнд үг дайлаа. Учир нь говийн аймгуудын малчид амьжиргааны эх үүсвэр болсон уламжлалт мал аж ахуйгаа эрхлэхэд уул уурхайн асуудал ихээхэн хүндрэл учруулж байна. Наанадаж бэлчээр нь хомсдож, ус ундгүй болж байна. Үүнээс улбаалаад зарим нэг иргэд бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцэх хандлага ч илэрхийлж байлаа. 

Харин иргэний нийгмийн байгууллагуудын хувьд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд анхнаасаа зөв яваагүйн улмаас асуудал үүссэнийг хөндсөн. Тухайлбал нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгаа ч хийгээгүй хэрнээ бүс нутаг руу нь орчихсон тохиолдлууд нэлээн их байна. Тиймээс эдгээр бэрхшээлтэй асуудлуудаа зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Төрийн байгууллагуудын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, ковидын дараах эдийн засгийг яаж, ямар аргаар идэвхжүүлэх вэ гэдгээ түлхүү ярьсан. Гэхдээ  тэд ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож, өөрсдийн хэмжээнд асуудлыг шийдвэрлэж, ААН-ийг нийгмийн хариуцлагыг хүрээндээ тухайн орон нутгийн иргэдтэйгээ хамтарч ажиллахыг онцолж байсан.  


- Уулзалтын төгсгөлд зөвлөмж гаргасан. Эцсийн байдлаар хэзээ гарах вэ?

- Зөвлөмж эцсийн байдлаар хараахан гараагүй байна. Ойрын хугацаанд гараад холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад хүрэх байх. Ер нь  зөвлөмжөөр Өмнөговь бол Монгол улсыгхөгжүүлэхэд чухал үүрэгтэй аймаг. Тиймээс цаашид ус, тусгай зөвшөөрөл, байгаль орчин, тээвэр, тоосжилт зэрэг тулгамдаж байгаа олон асуудал дээр тус тусад нь чиглэл өгөх маягаар гарна.  Жишээ нь Ерөнхий сайд, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, УУХҮЯ ямар асуудал дээр анхаарах вэ. Цаашлаад АМГТГ юу хариуцах вэ зэрэг яам, агентлаг болгонд анхаарах чиглэлийг нь хүргүүлнэ гэсэн үг. 

Учир нь энэ зөвлөмж бол говийн аймгуудын уул уурхайн салбарт тулгамдсан асуудлыг нэлээн тод томруунаар харуулж чадсан гэж бодож байгаа. Тиймээс ялангуяа шийдвэр гаргах түвшнийхэн Засгийн газар, яам, агентлагийн удирдлагууд говийн аймгуудын талаар аливаа шийдвэр гаргахдаа хамгийн түрүүнд үзэж, харж, шийдвэр бодлогодоо уялдуулаасай гэж хүсэж байна.  Манай Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зүгээс тус зөвлөмжид аймаг болон сумдад байдаг  Ил тод санаачилгын дэд зөвлөлийг идэвхтэй ажиллуулах талаар саналаа оруулсан. Энэ нь тухайн орон нутагт тулгарч байгаа зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд нэлээн дөхөм болох болов уу. Тухайлбал уул уурхай эрхлэгч ААН хэнд хандив дэмжлэг үзүүлж байна, тэр дэмжлэг нь байгаа онож байна уу гэдгийг дэд зөвлөлийнхөө хүрээнд ярьж, зөвшилцөл, ойлголцолд хүрснээр зарим нэг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжтой. 

 Уг нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий дэд зөвлөл байгуулах тухай Засгийн газрын 222 дугаар тогтоол байдаг. Харамсалтай нь орон нутгийн удирдлагууд уг тогтоолыг хэрэгжилтийг төдийлөн хангаж чадахгүй байна, идэвх санаачилга гаргахгүй байна. Энэ Дэд зөвлөлийг Засаг даргын орлогчоор даргалуулдаг. Хэрэв Дэд зөвлөл идэвхтэй ажиллаад эхэлбэл олон асуудлыг шийдэж чадна. 

- Зарим ААН-үүд тухайн орон нутгийнхаа Дэд зөвлөлтэйгөө хамтарч ажиллахдаа хойрго ханддаг гэх шүүмжлэлийг цөөнгүй иргэд хэлж байсан. Энэ тал дээр ахиц дэвшил гаргана гэж мэдэгдсэн үү?

- Хэрвээ ААН-үүд орон нутгийнхаа дэд зөвлөлтэйгөө хамтарч ажиллаад эхэлбэл олон асуудлыг шийдвэрлэж болдгийн олон жишээ бий. Харамсалтай нь энэ удаагийн чуулга уулзалтаар энэ талаар бага яригдлаа. ААН, компаниудынх нь төлөөллүүд ч хэлэлцүүлэг дээр идэвх муутай оролцсон. Хамтын ажиллагааны сул байдлаас болж уул уурхайн хөлд нь иргэд, малчид өртөж, мал эд хөрөнгөөрөө хохирсоор байна шүү дээ. Тиймээс дэд зөвлөлөө ажиллуулах тал дээр аль аль нь хариуцлагатай хандмаар байна. Хариуцлагатай уул уурхай гэж  олон хүн ярьдаг. Үүнийг зарим нь зөвхөн нөхөн сэргээлтээр төсөөлдөг. Гэтэл тийм биш шүү дээ. Хүний эрх, байгаль орчныг дээдэлсэн, нутгийн иргэдийнхээ амьдрах орчныг хөндөхгүйгээр үйл ажиллагаа явуулах нь хариуцлагатай уул уурхайн  наад захын жишээ. Энэ бүгдийг бодитоор бий болгоход Дэд зөвлөлийн үүрэг оролцоо асар өндөр. 


- Өмнөговь болоод говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ААН% компаниуд ил тод байдлын тайлангаа хэр өгдөг вэ?

- Харьцангуй гайгүй гэж хэлж болно. Учир нь энэ бүсэд манай улсын томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Оюутолгой, Тавантолгой зэргээс эхлээд нүүрсний тэргүүлэх компаниуд ил тодын тайлангаа гаргаад хэвшсэн гэж хэлж болно.  Гэхдээ тухайн аймагт ажиллаж байхдаа Өмнөговь аймаг хоёр дахь Заамар болчихвий гэсэн эмзэглэл төрсөн. Өнөөгийн Заамар бол Өмнөговийг бодвол жижигхэн. Гэхдээ Монголын хамгийн том аймаг Заамар болчихвол яах вэ. Тиймээс одооноос аль аль нь хариуцлагатай хандаж, хийх ёстой ажлуудаа цаг алдалгүй хийж, хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоохгүй бол байдал хүнд байна.  

Голланд өвчин бүрэн утгаараа бий болж байгаа тухай Өмнөговь аймгийн удирдлагууд нь хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан?

Монгол улсын хэмжээнд баялгийн хараал гэдэг зүйл бүрэн утгаараа яригдана л даа. Энэ бол үнэхээр том асуудал. Ганц аймаг гэлтгүй Монгол улсын тэр чигээрээ уул уурхайгаас хамааралтай болчихоод байна шүү дээ. Дээр нь Голланд өвчин тусах маягтай л яваад байгаа үнэн зүйл. Хэтэрхий их уул уурхайгаас хамаараад байна, эдийн засгийг солонгоруулах хэрэгтэй гэж яриад байгаа хэдий ч төдийлөн сайн биеллээ олохгүй л байна. Яахав дэд бүтцийн төслүүд хэрэгжээд иргэдийнхээ амьдралд нэмэр болж, шинэ салбарууд бий болох ойлгомжтой. Харин тэр болтол тэсдэг байгаа даа гэж л бодогдох юм. 


- Өмнөговь аймаг бол уул уурхайн чиглэлээр Монгол улсын эдийн засгийн авч аймаг.  Гэтэл энэ удаагийн чуулганд Сангийн яам болон Эдийн засаг хөгжлийн яамнаас яагаад төлөөлөлнь оролцсонгүй вэ. 

- Эхэндээ чуулганд оролцоно гэж мэдэгдэж байсан. Гэвч ачир дээрээ ийм ч хурал гээд ирсэнгүй. Ажлын ачаалал нь их байдаг бололтой. Гэхдээ тэдэнд төлөөлөгчөө явуулах  боломж байсан уу гэвэл байсан. Жаахан сэтгэл гаргасангүй юу даа гэж харж байна. Нөгөө талаар дээрх яамуудад асуудлаа ерөнхийд нь мэддэг ховор юм уу даа. Хөдөө орон нутагт аль нэг мэргэжилтэн нь ирлээ гэж бодоход иргэд бүх талын асуудлаар хандах нь мэдээж. Гэтэл нөгөө мэргэжилтнийх нь хариуцсан салбар өөр болохоор худал зүйл ярьчих вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Тиймээс яамдууд асуудлаа ерөнхий ерөнхий утгаар нь ярьдаг, ойлгодог, танилцуулчихдаг мэргэжилтэн бэлтгэж, ажилтнуудынхаа мэдлэг чадавхыг сайжруулах ёстой юм байна гэх бодол төрсөн.

- Чуулга уулзалтын үр дүнг та яаж харж байна вэ. Төлөвлөж байсан үр дүндээ хүрч чадав уу?

- Анхандаа шийдвэр гаргах  түвшний албан тушаалтнуудын оролцоо нь хангалтгүй байсан болохоор өндөр үр дүн хүлээгээгүй. Харин одоо бол нэлээд үр  дүнтэй чуулган болсон гэдгийг хэлэх байна.  Говийн бүсийн аймгуудад тэр дундаа Өмнөговь аймагт юу тулгамдаад байна вэ, ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна вэ гэдгийг нь нэлээн сайн мэдэж авсан. Мөн цаашид ямар бэрхшээл учирч болох вэ гэдгээ тодорхойлж, төрийн байгууллага цаашлаад ирсэн мэргэжилтнүүд,  иргэний нийгмийн байгууллагууд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Шийдвэр гаргах хүмүүс ирсэнгүй гээд нэг гомдол гарсан. Гэхдээ тэд ирлээ гээд асуудлыг тэр дор нь шийдчихгүй шүү дээ.  Ялгаагүй л хэлэлцэж, зөвшилцөж байж шийдвэр гарна. Энэ бол гол маргах сэдэв биш. Гол нь манайд хэлэлцэж хэлэлцэж шийдвэр гаргачихаад түүнийгээ цуцалчихдаг тал бий. Тиймээс тал талынхаа ашиг сонирхлыг тусгаад явах нь зөв. Хаана хаана хариуцлагатай байж, худлаа амлахгүй байх хэрэгтэй.

- Дараагийн чуулга уулзалтаа хаана хийхээр төлөвлөж байгаа вэ?

- Манай ажлын албанаас ирэх намар зүүн бүсийн аймгийн ил тод байдлын чуулга уулзалтыгзохион байгуулахаар ярьж байна. Сүхбаатар аймаг дээр түшиглэж хийнэ.  Зүүн бүсийнхэн говийн бүсийг бодвол нөхцөл байдал харьцангуй гайгүй ч газрын тос,  тээвэр, тоосжилт, байгаль орчны асуудал нэлээн бий.  Манай манай энэ ард хэмжээнд оролцсон бүх байгууллагууд, хувь хүн, төлөөлөгчдөд талархсан баярласнаа илэрхий илэрхийлж, чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр хичээж анхаарч ажиллахыг хүсэж байна аа. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.125
    2022/07/05

    иргэдээс авсан ярилцлагаа яагаад тавиагүй юм

    Хариулах