“Вертекс майнинг партнер” ХХК Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдуулжээ

Админ
2022/07/05

“Вертекс майнинг партнер” ХХК Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлээ хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан байна. 

Энэ талаар тус компаниас  “Вертекс майнинг партнер” ХХК нь 2017 оноос Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр уул уурхайн үйлчилгээний салбарт ажиллаж буй үндэсний туслан гүйцэтгэгч компани юм. Том төслүүдийн үйлчилгээний туслан гүйцэтгэх салбарт ихэвчлэн 70-80% нь гадаадын компаниуд ажилладаг байсан бол манай компани дотоодын компани гэдгээрээ онцлогтой болно. Өнөөдрийн байдлаар манай компани нь туслан гүйцэтгэгч компаниудын хамтаар 500 гаруй ажлын байр бий болгож, улсад 23.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, дотоодын бэлтгэн нийлүүлэгч компаниудаас 230 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд байна.

2020 оны 1-р сард “Вертекс майнинг партнер” компани нь “Ухаа худаг төслийн уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” зорилгоор 33 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан.

Хөгжлийн банк нь зээлийн хорооныхоо 6 сарын зээлийн судалгааг үндэслэн ТУЗ-ын хурлаараа баталгаажуулж, дараах шалгууруудыг хангасан гэж үзэн зээл олгох шийдвэр гаргасан:

1. Өмнө нь Хөгжлийн банк болон гадаад дотоодын банкуудаас авсан зээлүүдийн сайн түүхтэй.

2. Төсөл нь Хөгжлийн банкны бодлогын дагуу буюу экспортыг нэмэгдүүлэх чиглэлтэй.

3. Барьцаа хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр 3 дахин их.

4. Хөгжлийн банкны бусад зээлийн хүүтэй харьцуулахад харьцангуй өндөр хүү болох жилийн 13%-ийн хүүтэй байх хэлцлийг манай компани нь хүлээн зөвшөөрсөн.


Манай компани нь 2020 оны эхээр дэлхий даяар нүүрлэсэн Ковид-19 цар тахлаас улбаатай Монгол улсын нүүрсний экспорт зогссонтой холбоотойгоор тодорхой хугацаанд сул зогсолт хийсэн хэдий ч зээлийн хүүний төлбөрөө цаг хугацаанд нь төлсөөр ирсэн бөгөөд эрсдэлтэй зээлийн ангилалд ороогүй байсан билээ.

Харамсалтай нь Хөгжлийн банкны чанаргүй бусад зээлүүд болох: сайтар судлагдаагүй, зориулалтын бус, барьцаа хөрөнгө хангалтгүй, бага зээлийн хүүтэй зэрэг зээлүүдийг халхавчлах зорилгоор манай компани болон бусад чанартай зээл авсан аж ахуй эрхэлж буй компаниудыг нийгэмд мушгин гуйвуулж, хөдөлмөр, хүсэл эрмэлзлийг нь мохоосон явдалд аж ахуй эрхэлж буй олон зуун монголын компаниуд болон туслан гүйцэтгэгч компаниудынхаа зуун зуун ажилчид тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийн нэрийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье.

Мөн түүнчлэн манай компанийг зээл авах үед улс төрийн ямар ч албан тушаал хашаагүй байсан, ямар ч хувьцаа эзэмшдэггүй, одоогийн УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийг тухайн үед улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан мэтээр манай компанитай холбож байгаад харамжсаж байна.

Энэ үйл явдлыг бид жинхэнэ улс төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж авсан чанаргүй бусад зээлүүдийг халхавчлах зорилгоор үүссэн гэж үзэж байна.

Дахин онцлон хэлэхэд, манай компаний үйл ажиллагаа зөвхөн энэ зээлээр эхлээгүй урьд өмнө нь Хөгжлийн банк болон дотоод гадаадын арилжааны банкуудаас зээл авч төлж барагдуулж байсан зээлийн сайн түүхтэй байсан мөн түүнчлэн энэхүү зээлийн жилийн хүү нь бусад хөнгөлөлттэй 5-6% хүүтэй зээл шиг биш, арилжааны банкуудын зээлтэй ойролцоо жилийн 13% хүүтэй байсан юм.

Гэсэн хэдий ч “Вертекс майнинг партнер” ХХК нь зээлийн гэрээний дагуу 2024 онд зээлээ төлж дуусгах хуваарьтай байсан боловч өөрсдийн нөөц бололцоогоо шавхан санхүүжилтийн олон арга замуудыг эрэлхийлж зээлээ хугацаанаас нь өмнө буюу 6-р сарын 28-ны өдөр зээлээ бүрэн барагдууллаа. Үүнд: үндсэн төлбөрт 33 тэрбум төгрөг, зээлийн хүүнд 10,416,836,481 төгрөг нийт 43,416,836,481 төгрөг төлж зээлээ бүрэн төлж дуусгалаа" хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна