ЗТХ-ийн сайд С.Бямбацогт орон нутгийн нислэг сэргэж байгаатай холбогдуулан нислэгийн үнэ тариф, цагийн хуваарь болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

С.БЯМБАЦОГТ: 

- Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого" агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлт бодитой болсоор байна. 

- Орон нутгийн 9 чиглэлд нислэгийг сэргээж, нислэгийн үнэ тарифыг 2-2,5 дахин буурууллаа. МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд нислэг үйлдэхээр болж байгаа. Цаашид Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгадын нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй нисэх буудал болгоно. 

- Ирэх долоодугаар сарын 1-нээс Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд 7 хоногт 1-3 удаа нислэг үйлдэнэ. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймаг гэхэд хоёр талдаа 1 сая 700 мянган төгрөгөөр нисдэг. Энэ тариф 800-900 мянга буюу нэг талдаа 405-450 мянган төгрөг болж байна. 

- Ховд аймаг хоёр талдаа 1 сая 500 мянган төгрөг байсан бол 810-902 мянган төгрөг болж буурч байна. Хөвсгөл аймаг Мөрөн чиглэлд хоёр талдаа 500-680 мянган төгрөг буюу тийзний үнэ 3 дахин буурах бололцоо бүрдэж байна. Чойбалсан чиглэлд нислэг үйлддэггүй байсан. Тэгвэл цаашид хоёр талдаа 540-620 мянган төгрөгийн тарифаар ниснэ.