ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Монгол Улсын стратегийн орд болох "Тавантолгойн" нүүрсний бүлэг ордын "Ухаа худаг" нэртэй талбайг УИХ-ын холбогдох шийдвэргүйгээр "Энержи ресурс" компанид эзэмшүүлсэн явдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахлан ажиллаж дүгнэлтээ гарган Засгийн газарт танилцуулсан. Засгийн газраас энэхүү асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж УИХ-д хүргүүлээд багагүй хугацаа (48 хоног) өнгөрч байна.

Ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж 2 боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлснийгээ маргааш УИХ-ын гишүүд болон хэвлэл мэдээллийнхэнд түгээнэ.

"Тавантолгой" нүүрсний бүлэг ордын хайгуулд манай ард түмэн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, тэрхүү орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуульд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан, Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, эдүгээ энэхүү ордын Ухаа худгийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа болон энэхүү үйл явдлын талаарх "Энержиресурс" компанийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг яригдаж буй олон асуултад хариулт өгөх баримтууд энд бий.