Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ маргааш шийдэх гэж байна. Гэхдээ нээлттэй биш хаалттайгаар хэлэлцэхээр улайрч байна. Засгийн газрыг огцруулах дуулианы цаана ерөнхийлөгчийн засаглал амилан босох аюул бодит болсон энэ цагт энэ асуудлыг хаалттай хэлэлцэж огт болохгүй. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээхгүйгээр зөвхөн гэр бүлээрээ хуваан идэх өндөр сонирхолтой олигархиуд нэгдчихээд тэжээврүүдээрээ “Оюун-Эрдэнэ огцор” гэж хашгируулж байгаа ийм үед Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж бүр болохгүй. 

Энэ асуудлыг хаалттайгаар яаралтай хэлэлцүүлэхийг шавдуулж, ил далд дарамталж байгаа хүн нь номер нэг гэж ордоныхон жиг жуг гэцгээж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн нэгд, Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал, УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан буй. Тэнд хаалттай санал хураана эс бөгөөс хаалттай хуралдана гэх агуулга бүхий нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр хаалттай хуралдуулна гэж улайрах нь илт хууль зөрчсөн, хуулиас давж даварсан үйл явдал болчихож байгаа юм. 

Шуудхан хэлэхэд МАН-ын Бага хурлын өмнөхөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Ажлаа өг, аль эсвэл МАН дангаараа засгаа байгуул” хэмээн дарамталсан нь  өдгөө итгэл үзүүлэх эсэх тухай шийдэлд хүрчихээд буй нь энэ. 

Зүй нь засгийн хувь заяаг нам ч юм уу, Ерөнхийлөгч шийдэх ёсгүй. Монгол Улс парламентын засаглалтай учраас засгийн газрын унах эсэхийг шийдэх цор ганц субьект нь  УИХ. Шийдвэрийг УИХ-ын 126 гишүүн гаргах ёстой. Гэтэл улсын хувьд заяаг шийдэх ёстой УИХ-ын гишүүд нь ганц нэгээрээ нэгдүгээр хүний өрөөнд дуудагдаж, “Засгийг огцруулах кноп дар” гэсэн сүрдүүлгэнд автан толгой гудайлган алхацгааж байгаа гэх. Ийм утгатай бор шувууд төрийн ордоны хонгилоор нисэлдээд нэлээд хэд хоночихлоо. 

Ерөнхийлөгчийн сүрдүүлэг, олигархиудын авлига хахуульд автсан гишүүд ханцуй дотроо “Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцээсэй” гэж залбирч суугаа аж. Хэрвээ нээлттэй хэлэлцвэл тэдний номер нэгт дарамтлуулж, олигархиудад худалдагдсан нь ил болж сонгогчдынхоо өмнө нүүрээ барна. Харин нээлттэй хэлэлцвэл байдал өөрөөр эргэнэ. Ил цагаан лоббид автсанаа илчилж эсрэг кноп дарах тэнэг  хаа байхав дээ. 

Л.Оюун-Эрдэнэт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хаалттай хуралдаж  засгийг унагавал хамгийн харамсалтай нь юу гээ. Монголын парламент өөрийнхөө хоолойг өөрөө боомилж амь тавих эрсдэлтэй нүүр тулна. Монгол Улс парламентын засаглалаас ухарч, Ерөнхийлөгчийн засаглал руу зугуухан гулсан орох түүхийн эхний шан татагдана. 

Олон улсын шинжээчид манай улсад өрнөж буй улс төрийн нөхцөл байдлыг анхааралдаа авчихсан. “Ерөнхий сайдын хүүгийн амьдралын хэв маягийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжигчид өөрсөддөө овжноор ашиглаж, хоёр дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрх мэдэл авахаар улайрч байна”  хэмээн мэдээлээд эхэлчихсэн.

Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч.  Үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улстөрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. 

Номер нэг “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж мэдэгдсэн. Гэхдээ манай улстөрд “Би хэзээ ч тэгэхгүй” гэж байгаад өнөөхөө улайран гүйцэлдүүлдэг увайгүй хандлага жишиг болчихсон. Мань эр “Би хүсээгүй ч ард түмэн хүсч байна шүү дээ” гээд өөртөө хэмжээгүй эрх олгох шийдэл гаргачихвал, Путин шиг хязгааргүй дарангуйлал тогтоочихыг үгүйсгэх аргагүй. Тэр үед Монголын ард түмэн л хохирно. Монгол ертөнцөөс таслагдаж хойд Солонгос шиг болчихвол жирийн иргэд л хамгийн ихээр хохирно гэдэг нь хэтэрхий тодорхой үнэн шүү дээ.