Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүрэлцэн ирсэн. 

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Түүнчлэн  айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулна.