Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ талаар байр сууриа илэрхийлж, “Төрийн ордонд үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа өрнөж байна. Надтай хамт ажилладаг хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр байцааж, 11 гишүүнийг мөрдөж, хамааралтай байж болзошгүй хүмүүсээс нь яриа авсан байна. Үүний улмаас гишүүд айдаст автжээ. Энэ нь улс төрийн шийдвэрт сөргөөр нөлөөлж магадгүй” хэмээлээ.
Тэрбээр мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдаас “Яагаад улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгодог парламентыг төгөлдөржүүлэх гэж байна вэ?” гэж асууна гэдгээ илэрхийлэв.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэнтэй холбогдуулан Н.Номтойбаяр “Дараагийн Ерөнхий сайдын мэдлэг, чадвар, итгэл үнэмшил чухал. Авлигатай тэмцэхийн тулд Ардын намтай ч тэмцэх шаардлагатай. Хэрэв татвар бууруулахгүй, эдийн засагт хувьсгал хийх чадваргүй хүн томилогдвол АН-тай хамтран сөрөг хүчинд ажиллана” хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн “Итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг Дэгийн хуулийн дагуу ил авах ёстой. Үүнийг ард түмнээс нуух ямар ч шаардлага байхгүй. Харин нууцаар санал авбал би хувьдаа дэмжихгүй” гэж хэллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!