Өнөөдөр Монгол Ардын Нам (МАН)-ын Бага хурал хуралдаж байгаа бөгөөд тус хурлаар Ерөнхий сайдыг шинэчлэн томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд одоогийн намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оронд хэнийг томилох эсэхийг шийдэх юм.
МАН-ын дүрмээр тус намын дарга нь Засгийн газрын тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхий сайд байх учиртай. Тиймээс өнөөдрийн хурлаас гарах шийдвэр нь зөвхөн намын дотоод асуудал бус, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхийг тодорхойлох улс төрийн чухал алхам болж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ерөнхий сайд огцорсны дараа 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ оны 7 дугаар сарын 3-наас өмнө шинэ Ерөнхий сайдыг батламжлах хуультай.
Хэрэв энэ хугацаанд шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах эрхтэй болох нөхцөл бүрдэнэ.
Одоогоор МАН-ын дотоод сонгон шалгаруулалт, эвслийн харилцаа, нэр дэвшигчдийн талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч улс төрийн хүрээнийхний дунд хэд хэдэн нэр яригдаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!