Төгрөгийн ханшийн уналт эрчимжиж, инфляцын дарамт нэмэгдэж буй энэ үед гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хамгийн үр дүнтэй гарц болж байна. Үүнийг хэрэгжүүлэх гол боломж бол — алт.
Алт бол шууд экспортын орлого авчрах, Монголбанк гадаад валютын нөөцөө арвижуулах хамгийн шуурхай эх үүсвэр. Гэвч өнөөдөр бидний гар дээрх боломжууд хуулийн хязгаарлалтад хаалттай байсаар байна.
Улсын тусгай хамгаалалтад орсон ч геологийн нөөцөөрөө тэргүүлдэг Гацуурт, Баавгайт, Эрээн, Шурадгын гол зэрэг алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай санаачилга өнгөрсөн Засгийн газрын үед яригдаж, УИХ-ын тогтоолын төсөл хүртэл боловсруулсан. Гэсэн ч төслийг өргөн барьж амжилгүй, улс төрийн нөхцөл байдалтай “хоцорсон” билээ. Шинэ Засгийн газар энэ ажлыг эргэлтэд оруулах, ялангуяа төсвийн тодотголын хүрээнд энэхүү тогтоолын төслийг өргөн барьж, наадмаас өмнө шийдвэрлэх нь нэн чухал алхам болно.
Албан ёсны тооцоогоор дээрх ордуудын нөөц 100 тонн орчим бөгөөд олборлолтыг эхлүүлснээр 2026 оноос Монголбанк жилд 20 тонн болон түүнээс дээш алт худалдан авах боломжтой болно. Энэ нь зөвхөн валютын нөөц төдийгүй төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих, орон нутгийн хөгжлийг урагшлуулах зэрэг олон давуу талыг авчрах юм.
Өнөөдөр нүүрсний үнэ буурч, улсын төсвийн орлого 2.5 их наядаар тасалдаж буй үед алтны олборлолт бол орлогын шинэ эх үүсвэр, эдийн засгийн хүндрэлийг давах гарц мөн. Шинэ Засгийн газрын уул уурхай, санхүүгийн салбарын удирдлагууд энэ асуудлыг хойш тавилгүй, нэн даруй анхаарч, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна