Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны улсын төсвийн тодотголын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Төсвийн тодотгол хийх нөхцөл байдал хоёрдугаар улирлаас үүссэн. Хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд гэрээ байгуулагдаагүй 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хассан нь нийт алдагдлын 2.3 их наяд төгрөгөөс 535 тэрбумыг нөхөх боломж бүрдүүлсэн” гэв.
Харин үлдсэн 1.8 их наяд төгрөгийн алдагдлыг бууруулах зорилгоор төрийн урсгал зардлыг танах, бүтцийг оновчтой болгох, бүтээмж нэмэгдүүлэх ажлыг эхлүүлж буйг мэдээллээ. Энэ хүрээнд:
- Үндэсний хороод, агентлагуудыг нэгтгэх, татан буулгах
- Төрийн албан хаагчдын тоог 9 хувиар, буюу 14,400 хүнээр цомхотгох ажлууд хийгдэх аж.
“2025 онд томоохон бүтээн байгуулалтын ажил цөөн. Гэрээ хийгдээгүй гурван замын төсөл болон зарим сайдын багц дахь төсөл арга хэмжээнүүд хэмнэлтэд орсон. Жишээлбэл, Эрүүл мэндийн яам 60 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерээ тавдугаар сарын 31-нээс өмнө амжуулж чадаагүй нь харамсалтай хэрэг” хэмээн тэрбээр хэллээ.
Мөн нүүрсний үнэ оны эхнээс тавдугаар сар хүртэл 100 юаниар, тавдугаар сараас хойш дахин 120 юаниар унасан нь төсвийн орлогын бууралтад голлон нөлөөлсөн байна.
Сайд Б.Жавхлан “Төсвийн ерөнхийлөн захирагч нар худалдан авах ажиллагааг цаг хугацаанд нь зохион байгуулахгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл” хэмээн анхааруулав. Эцэслэн, баасан гарагт Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, тодотголын төслийг хэлэлцэхээр болсон байна.
Харин Олон улсын валютын сангийн шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаад буцаж байгаа бөгөөд “гадаад нөхцөл байдал хүнд ч танай улсад төсвийн алдагдлын шалтгаан гүнзгий биш, хөтөлбөрт хамрагдах шаардлагагүй” гэж үзсэн тухай мэдээллээ.
Хулгайч аа, эхлэнд Төрийн өмчит гээд дураараа төрийн мөнгө иддэг байгууллагуудха цэгцлэ, дараа нь төрийн албан хаагчдаар тогло, эхлээд яамна ТЕГ, ГЕГ-аасаа эхэл яагаач үгүы үүрэг гүйцэтгэгч, түр олонгууд чинь ажлын байран дээрээ жинхэлэх гээд хор хутгаад эхэлсэн байна. Занданшатар гуай?