Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Алт-3” аян-тай холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болсон ч уг төсөлд Гацуурт, Баавгай, Эрээн, Шурадгын гол зэрэг 100 тоннын нөөцтэй чухал алтны үндсэн ордууд багтаагүй нь парламентын гишүүдийн шүүмжлэлд өртөөд байна.
Уг ордууд өмнө нь байгалийн тусгай хамгаалалтад багтаж байсан бөгөөд эдгээрийг ашиглалтад оруулахын тулд хууль, тогтоолын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай байв. Харин УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд эдгээр ордыг тусгай хамгаалалтаас хэсэгчлэн гаргах заалт хасагдсан нь анхаарал татаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
“Нүүрсний үнэ унаж байгаа энэ үед улсын орлогыг бусад уул уурхайгаар нөхөх шаардлага тулгарч байна. Гэтэл өргөн баригдаж буй тогтоолын төсөл нь өмнөх тогтоолуудтай зөрчилдөж болзошгүй байна” хэмээн сайдаас тодруулга хүслээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-“Алт-3” аян гэж нэрлэж байгаа. Хөтөлбөр гэвэл тусдаа хуультай байх юм билээ. Энэ аяны хүрээнд шууд металлаа өгөх боломжтой алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулъя гэдэг тогтоолын төслийг оруулж ирж байгаа. Ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэхээр тодорхой хэмжээний хязгаарлалтад орчихоод байгаа нөөц нь тогтоогдсон, үйлдвэрээ барьсан ордуудыг эргэлтэд оруулъя гэж байгаа. Алтны нөөц гурван тонноос их бол үндсэн орд болдог. Харин шороон орд руу орохгүй байя гэж байгаа.
Гэхдээ яамнаас судалгаа хийж байгаа. Хоёрдугаарт, Алт олборлогч компаниудад татварын дэмжлэг үзүүлье гэж байгаа. Дэлхий дээр алтны үнэ 3300 давсан. Цаашид ч нэмэгдэхээр байна. Харин манайд алт тушаалт 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна. “Алт-3” аян төсөвт нэмэр болно гэхээсээ илүүтэйгээр мөнгөний бодлого талдаа илүү нэмэртэй. Валютын ханшаа тогтвортой байлгах үүднээс эхэлнэ. Гишүүд маань тогтоолын төсөл дээр санал гаргах бүрэн боломжтой.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Ажлын хэсэг гаргаж, нэгдсэн байдлаар хэлэлцэнэ
-Төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд дээр тус бүрээр нь ажлын хэсэг гаргая гэж байгаа. Гишүүд тодорхой асуудлууд дээр анхаарал тавьж ажиллаж байгаа бол тал талаасаа оролцоотой, санаа бодлоо нэгтгээд дүгнээд УИХ-аар батлуулах боломжтой. ЗГХЭГ-ын даргатай тус асуудлаар зөвшилцөж ойлголцсон гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!