Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) Төрийн ордонд хуралдаж, намын даргын сунгааны асуудлыг хэлэлцэв. Уг сунгаанд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар нэрээ дэвшүүлж өрсөлдсөн байна.

Санал хураалтын дүнд О.Цогтгэрэл хамгийн өндөр санал авч, АН-ын даргын сунгаанд түрүүллээ.

Тэрээр намын даргын сонгуульд өрсөлдөх давуу талаа тодорхойлохдоо:

“Би өмнө нь манай намын ялж чаддаггүй байсан тойрогт үнэмлэхүй ялалт авчирсан, 20 гаруй жилийн туршлагатай улстөрч. Мөн 1000 гаруй хүнтэй үндэсний хэмжээний компанийг байгуулж удирдсан. Өөрөөр хэлбэл, надад систем бий болгосон туршлага бий. Энэ бол миний АН-ын даргын сонгуульд өрсөлдөх хамгийн том давуу тал” хэмээн онцоллоо.

АН-ын шинэ дарга ойрын хугацаанд албан ёсоор тодорхой болж, намын шинэчлэл, бодлогын чиг баримжаа, цаашдын улс төрийн байр суурь олон нийтийн анхаарлыг татаж байна.