УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй уулзаж, асуултад хариулж байна.

-АТГ-ыг хэний гар хөлөөр ажиллаж байна гэж үзэж байгаа юм бэ? Ерөнхийлөгч бол нам бус болдог. Ерөнхийлөгч одоо МАН-ын үйл ажиллагаанд оролцоод байгаа юм уу гэдгийг тодорхой хэлээч. Үеэрээ хуваагдан талцаж байгаа нь бодитой юу?

-2008 онд ҮЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарт хэрэг үүсгэлээ. 2017 онд ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин дээр бас л хэрэг үүсгэж байна. Энэ яагаад ч хууль засаглаж байгаа хэлбэр биш. Үүний цаана өөр агуулга байж мэдэх нөхцөл байна. Би үүний эсрэг тэмцэж ирсэн. 2022 онд парламентын гишүүдийн тоог нэмэх, олон намын оролцоог хангах зорилт тавьсан нь үүний жишээ. Өнөөдөр таван нам оролцож, асуудалд олон ургальч байдлаар хандаж байна. Энэ бол хуулийн засаглалыг баталгаажуулах маш том алхам. АН-ын үйл ажиллагаа сэргэх тусам МАН сайжирна, улам эрч хүчтэй болно. Өрсөлдөөн сайжирна, нээлттэй ил тод болно. Ерөнхийлөгчийн зүгээс намын даргын асуудалд оролцохгүй гэдгээ өөрөө хэлсэн. НҮБ руу явахаасаа өмнө ярьсан. Эв зүйгээ олоод, асуудлаа шийдээрэй. Намаа хагалж бутаргаж болохгүй гэдгийг хэлүүлсэн. Би Г.Занданшатар даргатай гурван удаа уулзсан. Хүлээж авах боломжгүй хувилбар санал болгосон. Жишээ нь хос даргатай болъё гэсэн. Бид хоёр хоёр биендээ зориулж дүрмээ өөрчлөөд хоёулаа нам даргалж байдаг ийм инээдэм байж болохгүй гэдгийг хэлсэн.

-Б.Энхбаяр та хоёр яагаад муудсан, Ерөнхийлөгч та хоёрын одоогийн харилцаа ямар байдаг юм бэ. Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрох үед MCS, Ухаа худгийн асуудал түлхэц болсон. Одоох харин нам гүм болсон. Энэ өнөөгийн нөхцөл байдалд бас нөлөөлж байна уу. Ард иргэдийнхөө төлөө хэзээ ажиллах вэ. Эрх баригчид хоорондоо муудалцаад л, эдгээрийг мэдэхгүй байгаа юм биш үү?

-Б.Энхбаяртай яагаад муудсан бэ гэдгийг хариулж мэдэхгүй. Би МАН-д 16 жил шат шатны алба хашиж ажилласан. Энэ бүх цаг хугацаанд зөвхөн бодлого ярьсан. Өнөөдөр ч бодлого л ярьж байгаа. Магадгүй цаанаас том даалгавар авч надтай өөрөө муудсан байх. Түүнээс төөрөөд явж байхад нь дуудаж би намаас нэр дэвшүүлж, амьдралд нь том өөрчлөлт оруулж өгсөн хүн шүү. Харин нүүрсний асуудлыг над руу чиглүүлэх сценарь гаргасан тал дээр гэрч байгаа. Х.Нямбаатараас асуугаарай. “Бодь”-той холбоотой оффтейк гэрээний асуудлыг дарах гэж ингэсэн гэдэг мэдээлэл бий. Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай байгаа. Санал бодол зөрөх зүйл зөндөө. Бүх зүйл дохиогоор явахгүй шүү дээ. Ярилцана. Маргах, мэтгэлцэх зүйл гарна. Олон хүний дэргэд уур бухимдлаа гаргасан тохиолдол байгаа юм билээ. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгч намын асуудалд оролцохгүй байгаа. Ухаа худгийн асуудал таг болоогүй. 16 гишүүнтэй ажлын хэсэг гарчихсан шалгаж байгаа. П.Мөнхулга гишүүн ахалж байгаа, түүнээс асууж болно. Би бол уул уурхайн өгөөж ард түмэнд очих ёстой, нөгөө талаас хувийн хэвшлийг боомилдог төр байж болохгүй гэсэн үзэл санаатай хүн.

-УИХ-ын чадамжийн асуудал энд яригдахгүй байна. Хавраас хойш МАН доторх асуудлаас болж УИХ-ын чадамж суларч байна уу. Нэгэнт УИХ-аар баталчихсан асуудлыг араас нь одоо цуцлах эсэхийг хөндөөд байна. Энэ УИХ-ын чадамж суларсантай холбоотой юу. Бага хурал дээр саналыг тулгаж шалгасан гэлээ. Тухайн үед та яагаад үүнийг хэлээгүй юм бэ?

-Тухайн үед нь би мэдээгүй. Би нэр дэвшихгүй гэдгээ хэлээд гараад явчихсан юм. Одоо бол миний саналыг тэр хянаж өгүүлсэн гэдгийг нээлттэй ярьж байгаа. Одоо тийм зүйл болгуулахгүй. Намын эв нэгдэл бол ханцуй дотроо наймаалцаад болчихдог зүйл биш. Ялангуяа манай нам олонхын шийдвэртээ үнэнч байж чаддаг. Хөшигний ард бүх тохироогоо хийчихээд явж байдаг ойлголт хэрхэвч байж болохгүй. Улс төрийн нам бол амьд организм. Нийгмийнхээ хөгжлийн өмнө түрүүлж алхах ёстой. Тэгэхгүйгээр хэдхэн хүний хэрүүл маргаанд идэгдчихсэн байж болохгүй. УИХ-ын чадамжийн асуудлыг хөндлөө. 126 гишүүнтэй болсон парламент хөлөө, эвээ олтол цаг хугацаа орно. Болохгүй байгаа зүйлийг бид цоо шинээр хийх ёстой.

76 гишүүнтэй парламент муудаж эхэлсэн. Тэгээд 126 гишүүнтэй болгож, таван намын оролцоотой парламентыг цоо шинээр бүтээсэн. Үр дүн нь удахгүй гарна. Дэвшил нь иргэдэд шууд хүрдэггүй. Ирэх жилүүдэд хүнд сурталгүй, хүний эрхийг хамгаалдаг, нээлттэй энэ шинэ бодлогууд амьдрал дээр мэдэгдэж эхэлнэ. 126 гишүүн дотор асар өндөр боловсролтой маш олон шинэ залуус бий. Тэдний санал санаачилгад тулгуурлан маш олон ажлын хэсгийг байгуулж, олон улсын жишгийг нэвтрүүлнэ. Хамгийн сүүлд л гэхэд Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилсөн.

-Чайна энержигийн гэрээг мэдсээр байж муу хийсэн гэж одоо шүүмжлээд байна. Ц.Чулуунзагд, Эрдэнэжаргал нартай та ямар хамаатай вэ. Л.Оюун-Эрдэнэ та хоёр найз хэвээр үү. С.Ганбаатар гишүүнийг эгүүлэн татна гэж үнэн үү?

-Чайна энержигийн гэрээ бол ЗГ хооронд хийгдсэн. Түүнийг УИХ соёрхон баталсан. ЗГ дээр үнэ биш зарчим нь л яригдсан. Үнийн асуудлыг Ц.Туваан гишүүнээс маш сайн асуух ёстой. Энэ хөдөлдөг үнэ үү, үгүй юу гэдгийг асуугаарай. Улс төр талаас нь яривал, Тавантолгойд сүнс нь хоргодчихсон улстөрчид олон байна аа. Өмнө нь авч чадаагүй, нас нь ч дууссан, карьер нь ч дууссан. Тэгээд шөнө зүүдлээд л “Тавантолгойг тэр, энэ хулгайлчихаж” гэж ярьдаг. Нэг нь танк орж ирнэ гэж яриад 17 жил гацаасан. Алдагдсан боломж хэдэн арван тэрбум ам.доллар. Дуншиж дуншиж арай гэж урагшлуултал дахиад л хулгай гэнэ. Сая Л.Оюун-Эрдэнэ хурал дээр “Тэгвэл цуцлаач дээ. Өөрсдөө хийгээд үз” гэж хэлж байна лээ. Асар хүнд геополитикийн нөхцөл дундуур явж хийж байгаа ажил шүү дээ. Хятадын ЗГ-тай хийсэн гэрээ шүү дээ. Нэг ам.доллар бүрээ бүртгэдэг улс. Гэтэл авлигатай гэрээг хараад зөвшөөрөөд сууж байна гэж байх уу. Арай л амьдралаас тасархай сэтгэх юм.

Ц.Чулуунзагд дээр би хэлсэн. Анх сайтуудын програм хийдэг залуу байсан. Надтай ирж уулзаад Top.mn гэж сайт байгуулъя гэж байсан. Бид гурван жил ажиллуулах гэж үзээд дампуурсан. Гэтэл тэр компаниар нүүрсний сонсгол дээр холбож яриад байна лээ. Ямар ч холбоо харилцаагүй байхад шүү дээ. Эрдэнэжаргал дээрх асуудлыг би өмнө нь хэлсэн. Ганц л зүйлийг хэлье, би хүнээрээ байхыг хүсдэг. Найзалсан найздаа ядаж муу хэлүүлэхгүй амьдрах сан гэж боддог. Тэр ч утгаар би Бага хурал дээр хэлсэн. Л.Оюун-Эрдэнэтэй өнөөдөр ч маргааш ч хамт гэж. Улс төрийн хувьд санал зөрдөг зүйл бий. Ерөнхий сайд байхад нь би зарим зүйл дээр нь шүүмжлэлтэй ханддаг байсан. Сонгуульд орохдоо би хэрэв гарвал ЗГ-т орохгүй шүү гэдгийг хэлж байсан. Харин бүлгийн даргаа авна гэж хэлж явсан. Харамсалтай нь Г.Занданшатар дарга унаад, УИХ-ын дарга бол гээд л би энэ суудал дээр очсон. С.Ганбаатар гишүүнтэй холбоотой асуудлаар УИХ дээр ямар нэг бичиг ирээгүй байна.

-Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас унах үед нь та энэ нөхцөл байдлыг хэлж тайлбарлаж болоогүй юу. Тойрогтоо сонгогдож чадаагүй хүнийг Ерөнхий сайд болгосон нь энэ зодооны эхлэл болчихсон юм биш үү. МАН-д эрх мэдэл бол дутаагүй. Хэн нь илүү эрх мэдэлтэй байх вэ гэж зодолдоод байгаа юм уу. Нүүрсний хулгай гараад байгаа учраас биржээр заръя гэж санаачилсан. Өнөөдөр нүүрсээ биржээр зарах нь ашиггүй байна гэдэг боллоо. Ер нь баялгаас бялуу хүртэх гэсэн зодоон МАН-ын удирдлагуудын дунд яваад байгаа юм уу. Мөн таныг 30 сая ам.доллар авсан гэж яригддаг тал дээр хариулт өгнө үү. Та ялбал яах вэ, ялагдвал юу болох вэ?

-Ерөнхий сайд ажлаа өгч байхад намын даргын асуудал яригдаагүй. Нөхцөл байдал нь өөр байна. МАН 21-р зууны дэвшилтэт нам л байх ёстой. Цаашид намын зовлон түмний зовлож болж болохгүй. Би хоёр их сургуульд бакалавр хамгаалсан нь буруу болж байх шиг. Нэг курсэд сурч байсан хүн тэнд дарга болохоор Д.Амарбаясгалангийн найз болчихдог.

Тэр Мөнхжаргал гэдэг хүнтэй би их сургууль төгссөнөөс хойш сая ЭТТ ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоход нь анх таарсан. Би түр таниагүй. Масктай орж ирж суусан. Гэтэл маргааш нь Д.Амарбаясгалан ангийнхаа хүүхдийг тавьчихлаа гэж мэдээ гарахад гайхсан. МАН-д мэдээж бүх эрх мэдэл байсан. Хийж чадсан нь ч бий, чадаагүй нь ч бий. Баабар гуай хэлж байна лээ. Нураахаа л боль гэж. Өмнөх ЗГ-ын хийснийг дараагийнх гарч ирж нураадгаа болих хэрэгтэй. Өнөөдөр бол 2,3 дараалж ялсан намын зовлон эхэлж байна. Нэг хаширтал нь ялагдуулаад өгөх юм сан гэж бодогдтол, тийм түвшинд ирчихлээ. Энэ вакумаас бид гарах ёстой. 30 сая ам.доллар гэдэг дээр тийм юм байхгүй. Цар тахлын үед ямар ч боломжгүй. Тухайн асуудалд холбогдсон “Админерал”-ын Гүйцэтгэх захирлын ярилцлагыг би уншсан. Хөрөнгө оруулалтын дүнгээ бичсэнийг л тэгж гүтгэсэн юм билээ. Биржийн тухай хуулийг Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар гишүүд батлуулсан. Худалдан авагч талаас асуудал ярьж байгаа. Эдгээрийг тэдэнд нийцүүлнэ гэвэл Монголын ард түмэн хүлээж авахгүй. Уян хатан бодлогыг ЗГ судлах ёстой.