Улсын төсөв, валютын нөөцийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Юуны өмнө Монгол Улсын Төрийн Сангийн үйл ажиллагаа хэвийн байна. Өнгөрсөн долоодугаар сард тодотгол хийсэн. Батлагдсан төсвийн дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгааг албан ёсоор хэлье. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.
Сая Монголбанк болон Үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоон мэдээлэл авлаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Энэ нь 4-5 сарын импортын хэрэгцээг хангах үлдэгдэл юм.
Олон улсын валютын сангаас жилд хоёр удаа улс орнууд очиж ажилладаг. Манай улсад ямар нэг эрсдэлтэй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өртэй холбоотой эрсдэлтэй зүйл байхгүй гэдгийг дүгнээд явсан. Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн цуг яваасай гэж хүсэж байна. Очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй.
Хятадын зээлжих зэрэглэл буурсан. Манайх Хятадаас ямар их хамааралтай байдаг билээ. Гэсэн ч манай зээлжих зэрэглэлийг хэвээр нь хадгалсан. АНУ-ын мөн унасан. Манайхтай ижил төстэй жижиг улсуудынх ч унасан. Харин манайх тогтвортой байж чадсан. Бид өөрсдөө хэлээд байгаа юм биш, олон улсад ингэж үзэж байна.
Тийм учраас Төрийн сангийн үйл ажиллагаа, ОУВС-аас гарч буй дүгнэлтүүд, Монгол Улсын валютын нөөц гэх мэт эдгээр асуудлыг хэн дуртай нь гарч ирээд улс төржүүлж, цээжнийхээ бангаар ярьж болохгүй. Маш эмзэг асуудал шүү" гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!