Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Алдаржавхлан нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалд хяналт тавих түр хороо байгуулах санал гаргаж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт дурдсанаар, “Ухаа худаг”-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон холбогдох бусад зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэл, ашиглалтын төлбөр зэрэг асуудалд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай гэж үзжээ.

Саналд дараах гурван чиглэлээр шалгалт хийхийг онцолсон байна. Үүнд:

  1. “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг ашиглах үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх;

  2. Таван толгойн бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбоотой оффтейк гэрээнүүд хуульд нийцэж байгаа эсэх;

  3. Ашигт малтмалын тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг хянан шалгах.

Гишүүдийн тайлбарласнаар, тус ордод хамаарах ашиглалтын зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын хэлцлүүдэд ил тод байдлыг хангах, хууль зөрчсөн эсэхийг тодруулах зорилготой юм.

Хэрэв Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдвэл “Ухаа худаг”-ийн үйл ажиллагаанд парламентын хяналт тавих түр хороо байгуулагдах юм.