Прокурорын байгууллагын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд Авлигын 77 хэргийг шүүхэд шилжүүлснээс 57 нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 20 нь хахууль өгч, авсан хэрэг байна.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 12 хүнд холбогдох 6 хэргийг шүүхээр шийдвэрлэж, гэм буруутайд тооцсон байна. Тодруулбал, .Ж.Г нь ... дүүргийн татварын хэлтсийн даргын, Д.Б нь захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүлэглэн төсвийн хөрөнгөөс 107 сая төгрөгийг нэр бүхий 17 албан хаагчид шагнал, урамшуулал хэлбэрээр олгож, улмаар 15 алба хаагчаас 40,1 сая төгрөгийг буцаан авч, 17,7 сая төгрөгийг байгууллагын арга хэмжээнд зарцуулж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, мөн Ж.Г нь 22,3 сая төгрөгийг хувьдаа авч, өөртөө давуу байдал үүсгэж, төсөвт их хэмжээний буюу 107 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ж.Г-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн хоёр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, мөн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Д.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нараар нийт 51 сая төгрөгийг төлүүлж, иргэний хариуцагч нараас 38,5 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
- Д.Д нь ... газрын шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас гадаадад зорчих эрх нь түдгэлзсэн З.Б-ээс гадаад улсад зорчин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай тухай хүсэлтийг эмнэлгийн баримт бичгийн хамт 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасныг хүлээн авч, эмнэлгийн мэргэжлийн комиссын дүгнэлт ирүүлээгүй байхад нь гадаад зорчих эрхээ сэргээлгэх боломжийг бүрдүүлж, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бусдаар дамжуулан бэлнээр 600 мянган төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), З.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Д.Д-г хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, З.Б-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж 5 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан;
- С.Д нь ... дүүргийн ... хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн шалгаж байсан хэргийн хохирогчид олгох 5 сая төгрөгийг хохирогчид шилжүүлэх нэрийдлээр өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч, хувьдаа захиран зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс С.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!