Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монголын төмөр зам” ТӨХК-д үүссэн асуудлаар мөн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр яамны дотоод аудитын мэдээлэлд тулгуурлан, нэг компанид таван удаагийн тендер олгосон, гүйцэтгэлгүй атлаа 9 тэрбум төгрөг шилжүүлсэн байж болзошгүй асуудлыг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн гэж мэдэгдэв.

“Батжин харгуй зам” компанийн тухайд тавдугаар сарын 1-нд компанийн эрхээ өөр хүнд шилжүүлж, захирал О.Ганхуяг хилээр гарсан талаар мэдээлэл авсан ч өөрөө тухайн этгээдийг танихгүй, хамааралгүй гэдгээ тодотгов. “Би нэг ч удаа тендерт орж үзээгүй. Энэ хүний яриаг хууль хяналтын байгууллага шалгана” гэв.

Мөн Үндэсний аудитын газраас өнгөрсөн оны эцсээр МТЗ-д шалгалт хийсэн талаар дурдав. Төмөр замын дэд бүтцэд чухал үүрэгтэй 40 суман шилжүүлэг нийлүүлэх тендер гурван сарын хугацаанд хэрэгжих ёстой байсан ч удааширч байгаа тул яаманд ажлын хэсэг байгуулсан гэлээ. Хэрэв шаардлагатай бол дахин тендер зарлах боломжтойг хэлэв.

Одоогоор гурван суман шилжүүлгийг нийлүүлсэн бөгөөд үлдсэн ажлыг шуурхайлах шаардлагатай байгааг онцлов. Суман шилжүүлэг нь төмөр замын дээд бүтцэд зайлшгүй шаардлагатай, замын хөдөлгөөнийг зохицуулах чухал төхөөрөмж бөгөөд дотоодод үйлдвэрлэх боломжгүй тул гадаад нийлүүлэгчээс худалдан авдаг аж.

“Би хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн. Эхлээд үнэн мөнийг тогтоох ёстой. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч энэ асуудалд анхаарах шаардлагатай” гэж Сайд мэдэгдлээ.