Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж, 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Монгол Улс нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жилд 2.3 их наяд гаруй төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй байна.

Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг багасгах, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож байгаа халамжийн төрлүүдийг судлан, олон төрөл байгаа тохиолдолд тодорхой хязгаартай болгох, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийнэ. Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлж, хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтална.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!