МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хөдөлмөр зүтгэлээ төр, засагт үнэлүүлж, хамт олныхоо бахархал болсон гурван шинэ гавьяатыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсад иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулж, МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч 78-р зарлигаар 2026 оны тавдугаар сарын 24-нд Боинг 737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ч.Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Боинг 767-300” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ц.Ганбаатар нарыг Монгол Улсын гавьяат нисгэгч, Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ахлах байцаагч Д.Энхцэцэгийг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасан юм.
Монгол Улсын Гавьяат нисгэгч Ч.Нямсайхан нь иргэний агаарын тээврийн байгууллагад болон улсад 37 жил ажиллахын зэрэгцээ залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх, сэтгэл зүйн бэлтгэл хангах, багийн гар сэтгэл нийлсэн ажиллагааг хэвшүүлэх, өөрийгөө сургаж боловсруулахад удирдан зохион байгуулж ирсэн. Агаарт нийт 21700 цаг ямар нэгэн зөрчил дутагдалгүй нисэж хөдөлмөрчин олон түмэндээ үйлчилсэн манай туршлагатай нисгэгчдийн нэг юм.
Монгол Улсын Гавьяат нисгэгч Ц.Ганбаатар нь иргэний нисэхийн салбарт 34 жил ажиллахдаа нислэгийн аюулгүй ажиллагааг ханган АН-24, АН-26, Б727-200, Б737-800, Б757-200, Б767-300 агаарын хөлгүүд дээр агаарт нийт 23.000 гаруй цаг, үүнээс агаарын хөлгийн дарга, багш нисгэгчээр 19970 гаруй цаг нисэж, шинэ залуу үеийг сурган хүмүүжүүлж, 70 шахам шавь төрүүлсэн бөгөөд нислэгийн ямар нэг зөрчил дутагдалгүй нисэж хөдөлмөрчин олон түмэндээ үйлчилдэг нь бахархал болж байна.
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Энхцэцэг нь МИАТ нэгтгэлд бүхээгийн ажилтан, бүртгэгч диспетчер, бүхээгийн сургагч багшаар ажлын гарааг эхлүүлснээс хойш иргэний агаарын тээврийн салбарт 40 шахам жил ажиллаж байна. Тэрбээр АН24, ТУ154, Boeing 727, Boeing 737, Boeing 767 болон Airbus А310 маркийн агаарын хөлгүүдээр нийтдээ 25 жил, 20000 цаг ниссэн. Монгол Улсад нислэгийн үеийн зорчигчдын үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилго тавин ажилласны томоохон амжилт нь Олон Улсын жишиг үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажилд баг хамт олноо удирдан манлайлж, эх орондоо нислэгийн үеийн зорчигчдын үйлчилгээний олон улсын стандартыг нутагшуулсан шилдэг ажилтны нэг билээ.
Төрийн өндөр цол, шагнал хүртсэн нисгэгч, бүхээгийн ажилтнууд үүрэгт ажлаа амжилттай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ нь сургагч багшаар ажилласан олон жилийн туршлагатай. Энэ чиглэлээр олон арван шавь бэлтгэсэн юм. Гавьяат цолтнууд хүндэтгэлийн ёслолын үеэр цаашид МИАТ ТӨХК-д сургалтын ажлыг эрчимжүүлэх талаар ярьж, олон улсын хөгжлийн чиг хандлага, сургалт судалгааны ажлын талаар удирдлагуутайгаа санал солилцлоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!