Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг Хөвсгөл аймагт малтлага хийж, Монголын эзэнт гүрний үед холбогдох томоохон олдвор олжээ. 

Тодруулбал, тус судалгааны баг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт энэ сарын 12–25-ны өдрүүдэд ажиллахдаа эзэнт гүрний үеийн долоон булшийг малтан судалсан байна. Улмаар өрөмтэй шаазан ваар болон шаар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол болон төрөл бүрийн гоёл чимэглэлүүд олджээ. 

Энэ талаар доктор Ж.Баярсайхан “Эдгээр олдворын зарим нь өмнө нь Монголын нутаг дэвсгэрээс хэзээ ч ийм бүрэн бүтнээрээ илэрч байгаагүй. Энэ утгаараа Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой, түүхэн нээлт боллоо” хэмээн онцолсон байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар уг судалгааны багийн ажилтай газар дээр нь очиж танилцсан байна. Тэрбээр түүх, соёлын өвийг хамгаалах чиглэлд орон нутгийн зүгээс бүхий л талаар дэмжиж, цаашид хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Одоогоор хээрийн судалгааны явцад илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, лабораторийн нөхцөлд сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажлууд эхлээд байна. ШУА-иас мэдээлж буйгаар судалгааны нарийн үр дүнгүүдийг олон нийтэд үе шаттайгаар, албан ёсоор танилцуулах юм байна.


Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар