Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Рэдвулкан” ХХК-ийн MV-015479 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж байгааг мэдэгдлээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Рэдбулкан” ХХК-ийн MV-015479 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бага насны хүүхэд хуучин орхигдсон цооногт унасан харамсалтай осол гарлаа. Одоогоор аврах ажиллагаа үргэлжилж байна. Салбарын яамны зүгээс аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр мэргэжлийн багийг томилон, ОБЕГ-ын аврах ангиуд болон уул уурхайн аврах албатай хамтран ажиллуулж байна.
Мөн газар дээр нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шуурхай татан оролцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна" гээд "Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зүгээс салбарын хэмжээнд сахилга, хариуцлагыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах чиглэлээр 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, мөн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1543 тоот албан даалгавар, чиглэлүүдийг тус тус гарган, осол аваараас урьдчилан сэргийлэх үүрэг, даалгаврыг удаа дараа өгч байсан болно.
Гэвч тус орон нутгийн удирдлага, байгаль орчны байцаагч нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж нөхөн сэргээлт хийлгээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь Байгаль орчныг нөхөн сэргээх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хууль тогтоомжууд болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжүүлсэн нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий Сайдын өгсөн үүрэг даалгавар, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцалж байгааг мэдэгдье.
Цаашид хөдөлмөр хамгааллын аливаа алдаа дутагдал гаргасан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй бүхий л үйл ажиллагааг таслан зогсоож хариуцлага хүлээлгэх болно" гэжээ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!