Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэднээс 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд байсан байна. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн, насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр нь өөр, өөр байсан гэв.

Хүүхдийн баярын үеэр хүүхдүүд тоглоомын талбай, үзвэр үйлчилгээний газрууд болон олон нийтийн үйл ажиллагаанд олноор оролцсон нь бэртэл гэмтлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Иймд эмч, мэргэжилтнүүд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг хангахыг зөвлөлөө.

Мөн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт зургаадугаар сарын 01-ний өдөр нийт 2128 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 718, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн нэг хэргийг нөхөн илрүүлжээ.