Цахим орчинд “Орон сууц, тээврийн хэрэгсэл”-ийн азтан тодруулах хонжворт сугалаа эрхэлдэг аж, ахуйн нэгжүүдэд Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Уг шалгалтын явцад нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, автомашины азтан болсон мэтээр зураг, дүрс бичлэг хийж, сайтад байршуулж иргэдийн хуурч мэхэлдэг, сугалаа зохион байгуулагч азтанаас автомашиныг худалдан авч байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгодог, мөнгө нь бүрдээгүй гэх шалтгаанаар азтанд хонжворыг нь өгөхөөс татгалзах, шилэн хүрднээс урьдчилан төлөвлөсөн хүний мэдээлэл бүхий хуйлсан цаасыг сонгож залилах, гадаад улсаас ирсэн импортын тээврийн хэрэгслийг сугалаанд оролцуулж буй мэтээр төөрөгдөлд оруулж, хуучин, эвдрэл гэмтэлтэй засварласан тээврийн хэрэгслийг хонжворт байршуулах зэрэг хууль бус үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна. 

Тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж нь энэ төрлийн хонжворт сугалааг зохион байгуулж, залилах гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихээр бүртгэгдэж буй тул иргэд Та бүхнийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас уг үйл ажиллагааг хууль бусаар болон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжрүү чиглэсэн эрчимжүүлсэн хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж буй тул хууль бус үйлдлээс татгалзахыг анхааруулж байна.