Өглөөний сэрүүлэг хэдэнтээ хангинуулж, орноосоо босох хүсэл төрөхгүй байх нь зөвхөн залхуурал биш байж магадгүй. Даваа гараг бүр олон хүн ажил, хичээлийн шинэ долоо хоногийг ядаргаа, түгшүүр, идэвхгүй мэдрэмжээр угтдаг. Үүнийг олон улсад "Monday Blues" буюу "Даваа гарагийн синдром" гэж нэрлэдэг.
Амралтын хоёр өдрийн дараа хүмүүс илүү эрч хүчтэй байх ёстой мэт санагдавч бодит байдал дээр эсрэг. Судлаачид үүнийг хүний биеийн биологийн хэмнэл, сэтгэлзүйн бэлтгэл, ажлын орчны хүчин зүйлүүдтэй холбон тайлбарладаг.
Баасан гарагийн оройноос эхлэн олон хүн унтах, сэрэх цагаа өөрчилдөг. Хэтэрхий орой унтаж, үд дундад сэрэх нь амралтын үеийн хэвийн үзэгдэл болсон. Гэвч энэ нь биеийн дотоод цагийг өөрчилж, даваа гарагийн өглөө эрт босоход хүндрэл учруулдаг байна.
Мэргэжилтнүүд энэ үзэгдлийг "нийгмийн цагийн зөрүү" гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд бие махбод нэг хэмнэлд шилжээд, даваа гарагт гэнэт өөр горимд орох шаардлагатай болдог. Үүний улмаас хүн хангалттай унтсан ч ядарсан мэт мэдрэмж төрдөг аж.
Даваа гараг бол зөвхөн ажлын бүхний шинэ эхлэл биш. Энэхүү өдөр өнгөрсөн долоо хоногийн шийдээгүй асуудал, хуримтлагдсан үүрэг даалгавар, шинэ зорилтууд нэгэн зэрэг хүнийг угтаж байдаг.
Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хүмүүсийн тархи амралтын өдрийг эрх чөлөөтэй цаг хугацаатай холбон хүлээн авдаг бол ажлын өдрийг хариуцлага, шаардлагатай холбодог. Тиймээс даваа гарагийн өглөө ажил эхлэхээс өмнө ч стрессийн түвшин нэмэгдэх хандлагатай байдаг. Хүн ажилдаа дуртай эсэх нь даваа гарагийн мэдрэмжид шууд нөлөөлдөг. Судалгаанаас ажлын байрны дарамт өндөр, урамшуулал багатай орчинд ажилладаг хүмүүс даваа гарагийн түгшүүрийг илүү хүчтэй мэдэрдэг болохыг харуулжээ.
Харин ажлын хамт олон, байгууллагын соёл эерэг байх тусам долоо хоногийн эхлэлийг тайван хүлээн авах магадлал нэмэгддэг байна.
Даваа гарагийг хэрхэн хөнгөн эхлүүлэх вэ, үүнд мэргэжилтнүүд дараах энгийн зөвлөмжүүдийг өгдөг:
- Амралтын өдрүүдэд унтах хуваариа хэт их өөрчлөхгүй байх
- Ням гарагийн орой дараагийн долоо хоногийн ажлаа товч төлөвлөх
- Даваа гарагийн өглөөг яаралгүй эхлүүлэхийн тулд эрт босох
- Ажлын хамгийн хүнд даалгаврыг эхний цагуудад бус, төвлөрөл сэргэсний дараа хийж эхлэх
- Өөртөө таатай жижиг урамшуулал төлөвлөх, жишээлбэл дуртай кофе уух, алхах гэх мэт.
Даваа гарагийн синдромыг дан ганц залхуурал гэж ойлгох нь өрөөсгөл. Зарим тохиолдолд энэ нь хүний амралт хангалтгүй байгааг, ажлын ачаалал хэтэрснийг эсвэл ажлын орчинд сэтгэл ханамж буурсныг илтгэх дуут дохио байж магадгүй.
"Даваа гарагийг үзэн ядах биш, ойлгох нь түүнийг даван туулах эхний алхам байж мэднэ."








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!