"Юунд түгшиж, эргэлзэн юунд санаа зовно вэ” гэж өөрөөсөө асуух үе хүн бүрт ирдэг. Явах нь явж, ирэх нь ирж, гарах нь гарч, орох нь орж л байдаг хорвоо. Магтуулах үедээ магтуулж, муулуулах үедээ муулуулж байж л хүн амьдралын жинхэнэ утгыг мэдэрнэ, тэглээ гээд бүх зүйл нурж эсвэл огцом сайжирна гэж байхгүй. Зарим асуудлыг хэт их бодож, өөрийгөө ядраахын оронд хувь тавиланд нь даатгаж орхих мөч ч хүнд байдаг. Учир нь амьдрал заримдаа бидний тооцоолсноос илүү ухаалаг шийдлийг өөрөө авчирдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгойно гэдэгтэй агаар нэг. 

Хүн амьдралынхаа туршид олон зүйлийг олж авч, бас алдаж хорвоог туулдаг. Олсондоо хэт хөөрч, алдсандаа хэт шаналж суухын оронд амьдралын урсгалыг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй мэт. Эцэст нь авч явах зүйл маань эд зүйл биш, туулсан зам, ойлгосон ухаарал гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Үр удам үлдээх мөртэй хувь тавилан шүү дээ. 

Амьдрал өөрөө бэлэн утгатай ирдэггүй. Харин хүн өөрийн сонголт, үйлдэл, хандлагаараа утга учрыг бүтээдэг. Хийж буй ажилдаа дуртай байж чадвал хамгийн энгийн зүйл хүртэл үнэ цэнтэй болно. Хог шүүрдэх ч сэтгэл хангалуун хийвэл хөдөлмөрийн нэг хэлбэр, амьдралын нэг хэсэг болж чадна. Бүтэлтэй, бүтэлгүй бүх зүйлд тэвчээртэй хандаж сурах нь хүнийг хүчтэй болгодог. Шаналалаас үргэлж зугтах биш, түүнтэй нүүр тулж чадвал айдас, гуниг аажмаар багасдаг. Гуниг намжсан газарт баяр баясал ирэх зай гардаг. 

Хэн нэгнээс хаа хүрэх вэ гэж зам асуухад хүн бүр өөрийн туулсан зам жимийг л зөвлөдөг. Харин өөрийн амьдралын замыг сонгохдоо хамгийн түрүүнд өөрөөсөө асуух хэрэгтэй. Учир нь чамайг чамаас илүү сайн мэдэх хүн үгүй. Байсан газраасаа хэзээ ч хөдөлж үзээгүй хүн шинэ тэнгэр, шинэ боломжийг харж чадахгүй. Амьдрал бол хүлээх зүйл биш, бүтээх зүйл. Өөртөө итгэлтэй алхсан хүн хожим харамсах нь бага. Өөрөө өөртөө эрх чөлөө, шийдвэр сонголтыг өгөх хэрэгтэй. Бүх зүйлд ухаалгаар хандах хэрэгтэй гэлээ гээд үргэлжийн мөнх гайхамшигтай бай гэсэн үг биш юм. Алдаж ч болно онож ч болно хамгийн гол нь үнэн зөв хоёрыг үргэлж сэтгэлдээ авч явах хэрэгтэй. Буруу үйлдэл аливаа шийдвэр хүнийг шавар шалбаагтай хутгах ч тохиол бий түүнээс өөрөө л өндийж гарах хэрэгтэй.