Нэгдүгээр тойрог зам нь хотын суурьшлын бүсийг жигд, тэнцвэртэй хөгжүүлэх, нийгэм эдийн засаг, авто замын сүлжээ, инженерийн дэд бүтэц, тээвэр логистикийн төвлөрлийг сааруулах зорилгоор “Нэгдүгээр тойрог зам” төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус тойрог зам нь нийт 24.79 км бөгөөд төвийн бүсийн хөдөлгөөнийг хотын захын хэсгээр тараан хуваарилж, гол замуудын ачааллыг бууруулах боломж бүрдэх юм. Төсөлтэй холбоотойгоор олон нийтийн санал хүсэлт, хэлэлцүүлэг судалгааг зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр тойрог зам дагуух зургаан дүүрэг, 52 хорооны 2600 өрхийн нийт 10,400 иргэн оролцсон байна. Асуумж судалгаанд оролцсон нийт иргэдийн 88,4 хувь нь тус замыг барихыг дэмжсэн бөгөөд нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэх, орц гарцыг ойрхон байхаар төлөвлөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг саналуудыг хэлсэн байна. Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын гол гудамж замын ачаалал 15-20 хувиар буурах, нийтийн тээврийн автобусны хурд 5-6 км/цагаар нэмэгдүүлнэ гэдэг тооцоо гарчээ. Мөн дуу чимээний бохирдол 25,9 хувиар, агаарын бохирдол 0,34 хувиар, PM10 тоосонцор 1,26 хувиар буурах юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийн төлөвлөлтөөр авто зам, гүүр, тунелийн барилгын ажлын бүтээн байгуулалтад нийт 3540 хүний ажлын байр бий болох юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!