Бүх цэргийн баяр наадамд шөвгийн наймд шалгарсан найман бөхөөс авсан допингийн сорьцыг Германы Дрезден хот дахь итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлжээ.
Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллага (МОНАДА)-ын мэдээлснээр шинжилгээний хариу энэ сарын 22-26-ны өдрүүдэд гарах бөгөөд тухайн шинжилгээнд Бүх цэргийн наадмын шөвгийн наймд үлдсэн бөхчүүдийн сорьц хамрагдаж байна.
Энэ жилийн Бүх цэргийн наадамд допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдэд хурц бадрангуй арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Цагаанбанди, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр, аймгийн арслан Г.Мөнхбаяр, П.Хүрэлбаатар, Ө.Батсуурь, цэргийн заан Б.Гончигсүрэн нар багтжээ.
Допингийн хяналт нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд тус хуулийн 21.5-д аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авахыг заасан байдаг.
Бүх цэргийн баяр наадам нь дээрх ангилалд хамаарах бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тус наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!