Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Богд суманд ажиллалаа.

Томилолтын багийн бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Э.Энхбат, “Гишүүн төвтэй нам” Е-4 стратегийг хөгжүүлэх бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Энхтүвшин, Б.Батбаяр, МАН-ын Олон нийттэй харилцах хэлтсийн Улс төрийн ажилтан С.Түвшинзаяа нар багтаж, гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтад Богд сумын намын 130 гаруй гишүүн, дэмжигч оролцсон бөгөөд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, Монгол Ардын намын хөгжлийн бодлогыг тодорхойлох “Е-4 стратеги”, намын даргын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын талаар нэгдсэн мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон хөгжлийг дэмжих бодлого, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчныг сайжруулах эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх тогтолцооны өөрчлөлт, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан юм.

Уулзалтад оролцсон иргэд эдгээр шинэчлэлийг анхааралтай сонсож, ялангуяа тэтгэврийн хуулийн шинэчлэл, боловсролын чанар, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, нээлттэй ярилцлаа. 

Баянхонгор аймаг нь нийслэл Улаанбаатар хотоос 640 орчим км зайд алслагдан оршдог, 88 мянга орчим хүн амтай. Говь, хангай, тал хээрийн бүсийг хослуулсан байгалийн өвөрмөц тогтоцтой тус аймаг нь мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн нөөц боломжтой бүс нутаг юм. 

Уулзалтын төгсгөлд намын үйл хэрэгт идэвх зүтгэлтэй ажиллаж буй гишүүдийг Монгол Ардын намын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн итгэл үнэмшил, үзэл бодлоороо Монгол Ардын намд шинээр элссэн гишүүдэд намын батлах, энгэрийн тэмдгийг гардуулан өгч, баяр хүргэн амжилт хүслээ.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд Баянхонгор аймгийн Богд сумын иргэн, үйлчин А.Чимгээгийн урлангаар зочилж, олон жилийн хөдөлмөр, ур ухаанаар бүтсэн ширмэл ширдгийн бүтээлүүдтэй нь танилцан, санал сэтгэгдлийг нь сонсов.

Богд сумын иргэн, үйлчин А.Чимгээ нь 18 наснаасаа хойш 40 гаруй жил ширмэл ширдэг ширж, оёж, урлаж ирсэн уран үйлчин юм. Тэрээр үндэсний уламжлалт гар урлалын нэгэн төрөл болсон ширмэл ширдгийг жигд ширээс, нарийн хийц, өнгө зохицлоор нь ялгаруулан урлаж, сардаа хоёр орчим ширдэг гараасаа гаргадаг байна.