“Хүрээ цам-Даншиг наадам” энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөл болон Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд мэдээлэл өгөв .

Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан "Энэ жилийн наадмаар үндэсний бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, сээр шалгах тэмцээн зэрэг уламжлалт спортын төрлүүд зохион байгуулагдана. Мөн нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс үзэсгэлэн худалдаа гаргаж, нийслэлийн түүх, соёлыг сурталчлах гар зураг болон бусад үзэсгэлэн дэлгэнэ. Үүнээс гадна олон зуун жилийн уламжлалт Хүрээ цам, Очирвааны тахилга, сор залрах зэрэг шашин, соёлын зан үйлүүд Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулалтаар болох юм. Энэ жилийн тухайд малын шүлхий өвчний дэгдэлттэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр морин спортын зарим арга хэмжээг хассан. Тодруулбал, гурван насны морины уралдаан, жороо морины уралдаан, морьт харвааны тэмцээнийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ" гэлээ.