Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг ахлагчтай баг Завхан аймгийн Отгон суманд ажиллав.

Завхан аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж, Отгон сумын Монгол Ардын намын хорооны дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Мөнхзориг, Отгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бямбаноров, Засаг дарга Б.Бат-Оргил нарын хамт тус суманд хийсэн уулзалтад намын 150 гаруй гишүүн, дэмжигч оролцлоо.

Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, Засгийн газрын шийдвэр болон хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар танилцуулав.

Мөн Эрүүл мэндийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс Монгол Ардын намын бодлого, E4 стратеги, Enam 3.0 платформын талаарх мэдээллийг өглөө.
Намын даргын дэвшүүлсэн Е4 стратеги нь үндсэн дөрвөн зарчмаар хэрэгжиж байна. Тодруулбал, анхан шатнаас эхэлнэ, гишүүний оролцоонд тулгуурлана, ил тод хэмжигдэхүйц байна, хариуцлага, эргэх холбоотой байх юм. Өмнө нь дэмждэг, дагадаг гишүүд байсан бол Е4 стратеги хэрэгжсэнээр оролцдог, нөлөөлдөг, манлайлдаг болно гэдгийг уулзалтын үеэр онцолж танилцууллаа.

Уулзалтад оролцогчид эдийн засгийг эрчимжүүлэх нь чухал болохыг, ялангуяа Отгонтэнгэр хайрхны тусгай хамгаалалттай бүсийг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлбэл орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг онцоллоо.

Мөн намын анхан шатны байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг ханган гишүүдийг идэвхжүүлэх, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд нам, төрийн тухай ойлголтыг өгөх талаар өөрсдийн санал, зөвлөмжөө хуваалцав. Түүнчлэн залуучуудыг чадавхжуулах, дээд боловсрол эзэмшүүлэх боломжийн талаар судалж өгөхийг хүслээ.

Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг Отгон суманд ажиллах үеэрээ ахмад гишүүн Б.Доржгочоо, М.Дарьрагчаа, Х.Баасанжав нарынд зочлон, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжилж, намын идэвх зүтгэлтэй, салбартаа тэргүүлэгч гишүүдэд шагнал гардууллаа.















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!