Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчимд Туул голын усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна. Үүний улмаас ойролцоох айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд усанд автах эрсдэл үүсээд байна.

Эрсдэлийн нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, хорооны алба хаагчид хамтран ажиллаж, ойролцоох айл өрхүүдэд нүүлгэн шилжүүлэх мэдэгдэл хүргүүлжээ. Мөн амралтын газруудаар үйлчлүүлж буй иргэд болон голын эрэг орчимд аялж, зугаалж буй хүмүүсийг аюултай бүсээс холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгааг мэдээлж байгаа тул иргэдийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж, голын эрэг орчимд зорчихгүй байх, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.